“Атлетик 220” клуб анх удаа Үндэсний Дээд Лигийн аварга боллоо

Монголын хөл бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Үндэсний Дээд Лиг” 07-р сарын 01-ээс 09-р сарын 27-ны хооронд үргэлжлэхэд “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөлөө.
Цар тахлын улмаас нэг ч гадаад тоглогчгүй явагдсан үндэсний дээд лигийн өрсөлдөөн эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж, “Атлетик 220” аваргын алтан медалийг хүртэж “Улаанбаатар” мөнгө, “Хангарьд” хүрэл медалийн эзэд боллоо.
Үндэсний дээд лигийн 10 багийн 100 тоглогч 90 тоглолтод нийт 376 гоол бүртгүүлжээ. Энэхүү 90 тоглолтын ард амжилттай гарч, баг хамт олноо хувийн амжилтаараа тэргүүлсэн шилдгүүд шагналаа хаалтын үйл ажиллагаан дээр гардан авлаа.
Лигийн шилдэг мэргэн буучаар “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 30 гоолтой тодорсон бол аваргуудын хаалгыг найдвартай хамгаалсан Э.Мөнх-Эрдэнэ шилдэг хаалгач боллоо. Лигийг 16 дахь тойрог хүртэл манлайлж явсан ч эцсийн мөчид мөнгөн медаль хүртсэн “Хангарьд” клубийн хамгаалагч В.Тэмүүжин, хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ тус тусын байрлалдаа шилдгээр нэрлэгдлээ.
Мөн дээд лигийн тоглолтуудын үнэн зөв дэнсэлсэн шилдэг талбайн шүүгчээр замналынхаа 1242 дахь тоглолтоо шүүж зодог тайлж байгаа Д.Түмэнбаяр, шилдэг туслах шүүгчээр Э.Галбадрах тодрсон юм.
Шагналын хур бууж, шилдгүүд шагналаа авснаас гадна лигийн үйл ажиллагааг дэмжин ажилласан SPS телевиз, Gold’s gym, Ган Сонор хамгаалалтын албаны хамт олон МХБХ-ны зүгээс талархал илэрхийллээ.
Монгол тоглогчдын ур чадварыг тод томруунаар харуулж, сэтгэл догдлуулам ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн дээд лигт оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

Бусад мэдээ

МХБХШүүгчид
МХБХ