
ИЛҮҮ ТОГЛОСОН МАНАЙ ШИГШЭЭ ЭЦСИЙН МӨЧИД ХАРАМСАЛТАЙ ХОЖИГДОВ
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын хөлбөмбөгийн төрлийн Монгол, Хонг Конгийн шигшээ багуудын хооронд нэн сонирхолтой өрнөлөө.
Хожсон баг нь медалийн өнгөө өөрчлөх боломжтой байсан тул хоёр багт гурван оноо ус агаар мэт хэрэгтэй байв. Нутагтаа, үзэгчдийнхээ өмнө тоглож буй манай шигшээ багийн залуус тоглолтын эхнээс зоригтой, санаачлагатай тоглож хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулж хөгжөөн дэмжигчдээ суудлаас нь өндөлзүүлээд амжлаа.
Хаалга руу илүү олон удаа зохиж, аюул тарьж байсан манай баг эхний хагас өндөрлөхөөс өмнө амжиж нэг гоол оруулав. Уг гоолын эзэн нь дээд лигийн “Дэрэн” клубт тоглож байсан одоо “Баянзүрх Спортинг Илч” клубт данстай байгаа У.Тэмүлэн байлаа.
Нэгдүгээр үеийг тэргүүлээд дуусгах нь сэтгэлзүйн хувьд, дараачийн үед ашиглах тактикийн хувьд маш чухал байсан ч эхний хагас дуусахаас хэдхэн секундын өмнө Хонг Конгийн баг тоог 1:1 болгов. Б.Хүслэн хаалгач чадах чинээгээрээ үсэрсэн ч хаалганы баруун дээд буланг чиглэсэн хүчтэй цохилтыг хааж чадсангүй.
Ялалт ялагдлыг шийдэх хоёрдугаар үе. Яалтчгүй довтолгооны санаачлага илүү байсан Монголын шигшээ багийн залуус үргэлжлүүлэн довтолсоор л байв. Эсрэг багийн тоглогч балмад авир гарган манай тоглогчийг цохиж, Тайвань шүүгчээс улаан хуудас авч талбайг чөлөөлөв.
Тоглолтын сүүлийн 10 орчим минут манайх хүн илүүтэй тоглосон. Харамсалтай нь хэтэрхий довтолгоондоо анхаарч байгаад мөн л үеийн төгсгөлд гоол алдаж, маш харамсалтайгаар 1:2-оор хожигдлоо.
Монголын шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо адил хоёр хожигдолтой яваа Макаогийн багтай хийнэ. Хэн хожсон нь хүрэл медаль хүртэнэ.