
МХБХ
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО АХБХ-НЫ В КОНВЕНЦОД НЭГДЛЭЭ
Өнгөрсөн 9 сард МХБХ-ны техникийн хэлтсээс АХБХ-ны “В” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн билээ.
МХБХ-ны сургагч багш нарын бүрэлдэхүүн сургалтын хөтөлбөр, хичээлүүдийг АХБХ-ны шалгуурын дагуу боловсруулан АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлөөр батлуулснаар уг сургалтыг зохион байгуулах эрхийг авч 9 сарын 20-ноос 10 сарын 23-ны хооронд 3 үе шаттай зохион байгуулсан юм.
Уг сургалтыг цахим хэлбэрээр хянаж ажилласан АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимурагийн сургалтын талаар АХБХ-ны дасгалжуулагчийн зөвлөлд өгсөн тайлан, дүгнэлтийн дагуу АХБХ-ноос хүлээн зөвшөөрч МХБХ албан ёсоор “В” конвенцод нэгдсэнийг баталгаажууллаа.
МХБХ ийнхүү АХБХ-ны “В” конвенцод нэгдсэнээр цаашдаа дасгалжуулагчийн “В” хүртэлх зэрэглэлийн сургалтуудыг дотооддоо зохион байгуулах боломжтой болж байгаа бөгөөд гол ач холбогдол нь “В” конвенцод нэгдсэн АХБХ-ны гишүүн орнуудын дасгалжуулагчийн мэдлэг, ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрч байгаа нь Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн боловсролд нэг алхам ахисан явдал боллоо.
Сургалтад амжилттай суралцаж тэнцсэн дасгалжуулагчдад МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон техникийн захирал Б.Буман-Учрал нар “В” зэрэглэлийн сертификатыг гардуулж, цаашдын дасгалжуулагчийн ажилд нь өндөр амжилт хүслээ.