МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО, ЛИГИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН МОНГОЛЫН СПОРТЫН КОРПОРАЦИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Урт хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу Лигийн хөгжлийг хурдасгах үүднээс Европын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран “UEFA-ASSIST” төслийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн хөлбөмбөгийн лигийг шинэчлэх үйл ажиллагаа эхэлсэн билээ.
Энэ ажлын хүрээнд МХБХолбооны Зөвлөлийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн №05 тоот “Лигийн төслийн нэгж байгуулах тухай” тогтоолыг үндэслэн лигийн клубүүдийн удирдлагууд 03 сарын 31-ний өдрийн хурлаар “ЛИГИЙН ЗӨВЛӨЛ”-ийг нийт 19 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Үүний хүрээнд өнөөдөр МХБХолбооны Ерөнхийлөгч М.Болд Лигийн зөвлөлийн дарга М.Амарбаясгалан болон Монголын Спортын Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нартай лигүүдийг мэргэжлийн түвшинд хүргэх зорилгын хүрээнд харилцан тохиролцож гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд “Үндэсний Дээд Лиг” болон “Үндэсний Нэгдүгээр Лиг”-ийн үйл ажиллагаа менежментийг тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж, МХБХолбоо Үндэсний дээд лигийн шагналын сан, клуб лицензжүүлэлтийн шалгуур үзүүлэлтийн дэмжлэг зэрэг 1,550,000,000 төгрөгийн дэмжлэгийг Их хурлаар баталсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн тоглолтын талбай, шүүгч, бусад дэмжлэгийг үзүүлэх зэрэг бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг тус тус үзүүлэх юм.
Ийнхүү тус гурван талын хамтын ажиллагаа нь 2029 он хүртэл буюу нийт 6 жилийн хугацаанд МХБХолбоо нь Лигийн зөвлөл болон Монголын Спортын Корпорацитай хамтран ажиллана.
Ингэснээр тун удахгүй эхлэх 2023-2024 оны улиралд Үндэсний Дээд Лиг болон Үндэсний Нэгдүгээр Лигийн энэ намар эхлэх эхний тойргоор бэлтгэл ажлуудыг хангаж, 2024 оны хаврын улирлын тойргуудаас шинэ өнгө төрхтэйгөөр шинэчилсэн менежмент, зохион байгуулалтайгаар эхлэх болно.

Other Articles