Монголын хөл бөмбөгийн клубүүд “Клуб лицензжүүлэх хөтөлбөр”-т бүрэн хамрагдана

АХБХ болон МХБХ “Клуб лицензжүүлэх” хөтөлбөрт “Үндэсний дээд лиг 2020” тэмцээний 10 клуб хамрагдсан байх ёстой эцсийн хугацаа ирэх сарын 07-ны өдөр байгаа тул МХБХ дээд лигийн клубүүдийн удирдлагатай уулзаж, нэгдсэн зөвлөгөө өглөө.
“Клуб лицензжүүлэх” хөтөлбөр нь клубүүдээс дасгалжуулагч, эмч, арын албаныхан тэр ч бүү хэл өөрийн цэнгэлдэх хүрээлэн, оффис гээд клубүүдээс олон төрлийн шалгууруудыг шаарддаг мэргэжлийн шалгуур юм.
Эдгээр шалгууруудыг хангаж байж клуб мэргэжлийн клубт тооцогддог. Эс бөгөөс жирийн нэг баг гэгдэх ба улсынхаа дээд лигт тоглох, цаашлаад АХБХ-ны тэмцээн уралдаануудад оролцох эрхгүй болж, хасагддаг.
Тиймээс манай клубүүд дээд лигтээ өрсөлдөхийн тулд “клуб лиценжүүлэлт”-д хамрагдаж, дэлхийн хэмжээний клубүүдийн нэгэн адил үйл ажиллагаа явуулахыг гурван жилийн өмнөөс АХБХ-ноос шаардаж байгаа билээ.
Хөгжил дэвшилд хөтлөх энэ хөтөлбөрийг үндэсний дээд лигийн клубүүд санал нэгтэйгээр зөв зүйтэй ажил хэмээн хүлээн авч хэрэгжүүлж байгаа боловч 9-р сарын 07-ноос өмнө зайлшгүй бүртгэлд хамрагдах ёстой.
Монголын хөл бөмбөгийн хамгийн том тэмцээний гол дүр болсон 10 клуб, “Клуб лицензжүүлэх” хөтөлбөртөө бүрэн хамрагдан, тив дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
2020 онд үндэсний дээд лигийн багууд “Клуб лицензжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж дуусах бол 2021 оноос МХБХ-ны гишүүн клубүүд, нэгдүгээр лигийн клубүүд хамрагдах шаардлагатай болно.
Нийт клубүүддээ амжилт хүсье.
Нэг баг – Нэг зорилго

Бусад мэдээ