
ТАЛБАЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ “СУПЕР ЦОМ”
Монголын Хөл Бөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт өнгөрсөн жилийн “Мазала Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити болон “МХБХ-ны Цом”-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдахад бэлэн болоод байна.
Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн “Хаан Хүнс” клубтэй нэгдэж “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан “Улаанбаатар Сити” улирлын эхний сорилтоо гигантуудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.
Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн 7 сарын 01-ний өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм.
Харин тус тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзэгч түмэнд хүргэх болно.