ТОГЛОГЧДЫН БҮРТГЭЛ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

Бид та бүхэндээ МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Журмыг хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаад МХБХ-ны ТЗБЖ-ын Бүртгэл ба шилжилт хөдөлгөөний заалтыг танилцуулж байна.
МХБХ-ны ТЗБЖ-ын ТАВ-дугаар бүлэг.
Бүртгэл ба шилжилт хөдөлгөөн.
Тэмцээний мэдүүлэгтэй холбоотой заалтууд.
5.8. Тэмцээний зааварт тусгасан хугацаанд мэдүүлэг өгөөгүй багийг журмын 2.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн тэмцээний бүртгэлээс хасна.
5.9. Дараах шаардлагыг хангаагүй мэдүүлгийг тэмцээнд бүртгэхгүй. Үүнд:
1) Цээж зураг / сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан/;
2) Мэдүүлэг баталгаат гарын үсэггүй;
3) Хувийн дугааргүй;
4) Регистрийн дугааргүй;
5) Овог, нэр дутуу;
6) Клуб, баг, орон нутгийн холбоо нь өөрийн багийн тоглогчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулсан албан бичгийг мэдүүлгийн хамт /ТЗБЖ Хавсралт 2/-аар хавсаргаж ирүүлээгүй;
7) Тэмцээнд оролцох баг үндсэн /эзэн/ ба туслах /зочин/ хувцасны өнгийг мэдүүлгийн хамт /ТЗБЖ-ын Хавсралт 3/-аар хавсаргаж ирүүлээгүй;
8) Клубийн харилцах цахим хаяггүй;
9) Холбоо барих утасны дугааргүй;
10) Тэмцээнд оролцох 16 хүртэлх насны Монгол Улсын иргэн заавал гадаад паспорттой байх шаардлагатай. Тус бичиг баримтыг үндэслэж тухайн тоглогчийг МХБХ-ноос зохион байгуулах тэмцээнд бүртгэнэ.
5.10 МХБХ-ны тэмцээнд гадаад тоглогчийг бүртгүүлэхдээ МХБХ-ны “Тоглогчийн статус ба шилжилт хөдөлгөөний журам” болон “FIFA TMS систем”-ийн дагуу материалуудыг бүрдүүлснээр оролцуулах эрхтэй болно.
5.11 МХБХ-ны тэмцээнд Монгол тоглогчдыг 2020 оны 06 дугаар сарын цонхноос эхэлж, МХБХ-ны “Тоглогчдын статус ба шилжилт хөдөлгөөний журам” болон “FIFA TMS систем”-ийн дагуу материалуудыг бүрдүүлснээр бүртгэнэ.
5.12 МХБХ-ны Дээд лиг, Нэгдүгээр лиг, Хоёрдугаар лигийн тэмцээнүүдэд мандат ашиглах тул зөвхөн мандаттай тоглогч болон албаны хүн тэмцээнд оролцох эрхтэй. Мандатгүй ирсэн тохиолдолд тоглолтод оролцуулахгүй.
5.13 Клуб, баг, орон нутгийн холбоод нь тэмцээний мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хариуцлагыг бүрэн хүлээнэ. Клуб, баг нь өөр клубт бүртгэлтэй, гэрээтэй тоглогчийг мэдүүлэгт тусгах, тоглох эрхгүй тоглогчийг тоглолтонд оруулсан тохиолдолд клубт хариуцлага тооцно.
5.14 2020 оноос эхлэн МХБХ-ноос зохион байгуулах тэмцээнд гадаад тоглогчдын тоог тухайн тэмцээний зааварт тусгана.
• Хөл бөмбөг (Дээд лиг 3+1, Нэгдүгээр лиг 2+1, Хоёрдугаар лиг ба бусад 1+1)
• Футзал (Дээд лиг 1+1, Нэгдүгээр лиг болон бусад 1)
5.15 МХБХ-ны бүх төрлийн тэмцээнд гадаад тоглогчийг хаалгачаар бүртгүүлэхгүй. /Энэхүү заалт нь 2020 оноос эхлэн хэрэгжинэ/.

Other Articles