ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнгөрсөн улиралд тоглолт зохион байгуулагчдаар ажилласан албаны хүмүүсийг хамруулсан давтан сургалтыг МХБХ-ноос 3-р сарын 6-наас 8-ны өдрүүдэд МХБХ-ны Шигшээ багийн бэлтгэлийн төвд зохион байгууллаа.
Тус сургалтаар МХБХ-ны дүрэм журмууд, тэмцээнүүдийн шинэчилсэн зохион байгуулалт болон өнгөрсөн хөлбөмбөгийн улирлын тоглолтууд дээр гарсан зөрчлүүдийг ярилцан цаашид тоглолт зохион байгуулагчийн зүгээс клубүүдийн албаны хүмүүс, тоглогчид, шүүгчид болон бусад тоглолттой холбоотой албаныхантай хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах тал дээр бодит жишээнүүд дээр тулгуурлан ажилласан онол практикийн хосолсон сургалт боллоо.
Тоглолт зохион байгуулагч нь зөвхөн тоглолтын хоёр багтай хамааралтай асуудлуудыг хариуцахаас гадна тэмцээн зохион байгуулалт, маркетинг, хэвлэл мэдээлэл, тв-ийн шууд дамжуулалт, стадионы цэвэрлэгээ болон менежментийн үйл ажиллагаанууд гэх мэт тухайн тоглолттой хамаарал бүхий талуудтай ерөнхий үйл ажиллагааг уялдуулан зохицуулан ажилладаг хүн юм.
МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс энэ хөлбөмбөгийн улиралд анхан шатны сургалтыг Улаанбаатар болон орон нутагт тус тус төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

Other Articles