
Uncategorized
УВС АЙМАГТ 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээн дор зохион байгуулагддаг МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий нээлтийн ажиллагаа Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий Дээд болон Нэгдүгээр шатанд нийт 17 аймгийн шигшээ баг тамирчид болон тус тэмцээний шүүн дэнслэн явуулах шүүгч нар хүрэлцэн ирж нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд, болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир болон Увс аймгийн ХБХ-ны удирдлагууд оролцож үг хэлсэн юм.
2020 оны Дээд, Нэгдүгээр шатны аварга багууд болох Ховд, Дорноговь аймгийн шигшээ багуудын ахлагчид МХБХ-ны тэмцээн зохион байгуулагчдад аваргын цомуудаа шилжүүлэн гардуулан өглөө.
Мөн Увс аймгийн шигшээ багт хүчин зүтгэж байсан О.Амартогтох агсаны гэр бүлийн зүгээс нийт тэмцээнд оролцож буй аймгуудад хүндэтгэл үзүүлсэн юм.
МХБХ-ны 21 аймгийн АШТ -ны дээд шатны аварга баг Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн шигшээ багтай “Үндэсний Цом”-ын төлөө цорын ганц тоглолтыг 08-р сарын 06-ны өдөр өрсөлдсөнөөр хаалтаа хийх юм.
Нийт тэмцээнд оролцож буй баг тамирчдадаа өндөр амжилтыг хүсье.