Футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт эхэллээ

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос анх удаа зохион байгуулж буй футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт өнөөдөр холбооны сургалтын танхимд эхэллээ.
Футзалын үндэсний шигшээ, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Азийн хөл бөмбөгийн холбооны футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч, МХБХ-ны футзалын сургагч багш сургалтыг удирдан явуулж байна
Онол практик хосолсон, дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү сургалтад 18 оролцогч хамрагдаад байна.
Сургалтын нээлтэд МХБХ-ны Дэд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Ч.Мөнхзул оролцож, дасгалжуулагч нарт амжилт хүслээ. АХБХ-ы дасгалжуулагчийн зэрэглэлд Монгол дасгалжуулагчдын мэдлэг чадвар дүйцэж, мэргэжлийн дасгалжуулагчдын тоог нэмэх зорилгоор МХБХ-оос энэхүү сургалтыг зохион байгуулж буйг хатагтай Ч.Мөнхзул онцоллоо.
Мөн С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч “Оролцогч нартаа амжилт хүсье. Футзал, хөл бөмбөг ялгаагүй дасгалжуулагчид маш их хэрэгтэй байгаа. Гадны улсуудад 200, 300 дээд зэрэглэлийн дасгалжуулагч, мэргэжилтнүүд бүртгэлтэй байдаг бол манайд гарын 10 хуруунд багтахаар байна. Дасгалжуулагч хэрэгтэй байгаа энэ үед футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж буй МХБХ-нд талархал илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Бусад мэдээ