ХОЁР БӨМБӨГНИЙ ЗӨРҮҮ ДАРААГИЙН ШАТНЫ ТАСАЛБАР…

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ, 2027 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны чухал хоёр хариуцлагатай тоглолтынхоо эхний тулаанд оролцож, Афганистаны талбайд 1:0-ээр хожигдлоо.

 

Улс төрийн нөхцөл байдлаас үүдэн Афганистан улсын талбайд болох ёстой тоглолт Тажикстаны нийслэл Душанбе хотод болов. Дэлхийн чансааны 158-р бичигддэг Афганистантай зочлон тоглолтоо сайн хийж, талбайдаа эерэг үр дүнтэй ирэхийн тулд манай шигшээ А.Дөлгөөн, Г.Бат-Оргил, О.Мөнх-Оргил, Филип Чинзориг, Б.Амгаланбат гэсэн таван хамгаалагчтай хувилбарыг сонгож гараанд нэрлэсэн юм.

 

Дундын шугамд “Дэрэн” клубийн хагас хамгаалагчид болох Б.Батмөнх, Ц.Баасанжавтай хамт багийн ахлагч Х.Цэнд-Аюуш гарав. Х.Цэнд-Аюуш тус тоглолтод оролцсоноор таван ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцсон гэдэг үзүүлэлттэй болов. Өмнө нь шигшээ багийн ахлагч асан Баясгалангийн Гарьдмагнай ийм амжилт үзүүлж байлаа.

 

Довтолгоонд Словакийн “Комарно” клубийн Г.Ганбаяр, “Улаанбаатар” клубийн  О.Мижиддорж мөр зэрэгцэн гарлаа.

 

Тоглолтын эхнээс сууж хамгаалах бус эхний минутуудад хэд хэдэн шахалтуудыг амжилттай хийж, “зөөлөн боорцог биш” гэдгээ өрсөлдөгч багтаа мэдрүүлээд амжив.

 

Эхний үед хамгаалалт нягт ажиллахын зэрэгцээ хэд хэдэн аюултай довтолгоо хийгээд амжив. Үүний нэг нь булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг О.Мижиддорж мөргөж, эсрэг багийн хаалганы хөндлөвч оноод гарч ирсэн довтолгоо байлаа.

 

Маш сайн ажиллаж байсан манай хамгаалалтыг эсрэг баг 60 дахь минутад сэтэлж, Жабар Шарза шигшээ багийнхаа төлөөх долоо дахь тоглолтдоо гурав дахь гоолоо бүртгүүлсэн нь энэ юм.

 

Гоол алдсаны дараа манай шигшээ тоог тэнцүүлэх оролдлогууд хийсэн ч амжилтыг эс олж, 78 дахь минутад багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудас авч талбайг чөлөөлсөн учраас нэмж гоол алдахгүй байх даалгавартай болж хувирсан.

 

Өмнөх ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарахад үлэмж хувь нэмэр оруулж байсан хашир туршлагатай хаалгач Б.Ариунболд энэ тоглолтын гараанд гарч гайхалтай хаалтуудаа үргэлжлүүлэн,үзэгч түмэндээ өөрийгөө ямар хэмжээний хаалгач вэ гэдгийг дахин нэг удаа харууллаа.

 

 

Үндсэн цаг 1:0-ээр Афганистаны талд өндөрлөсөн ч манай шигшээ 10-р сарын 17-нд Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд болох тоглолтод хоёр гоолын зөрүүтэй хожиж, дараагийн шатанд шалгарах боломж бүрэн байна.

 

Багийн 12 дахь гишүүн болсон үзэгч хөгжөөн дэмжигч та бүхнийг 10-р сарын 17-нд 15:00 цагаас болох Монгол Афганистаны чухал шийдвэрлэх тулааныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

ХОЁР ГООЛЫН ЗӨРҮҮ БИДНИЙ ДАРААГИЙН ШАТНЫ ТАЛБАР БАЙХ БОЛНО.

Other Articles