
Uncategorized
Хөлбөмбөгийн үндэс суурь болсон “Мөрөөдлийн гоол” тэмцээн Өмнийн цэнхэр говьд эхэллээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж байгаа “Нийтийн хөлбөмбөг” төслийн ажлын хэсэг Өмнөговь аймаг болон Баяндалай суманд ажиллав.
Үндэсний шигшээ баг, мэргэжлийн хөлбөмбөг, өсвөрийн хөлбөмбөгийн хөгжлийн үндэс суурь нь анхан шатны тэмцээн уралдаан, нийтийн хөлбөмбөг гэж үздэг. Тэр дундаа охид, хөвгүүдийн хөлбөмбөгийн хөгжлийг ЕБСургуулийн хөлбөмбөгийн хөгжилтэй шууд холбоотойгоор авч үзэн, МХБХолбоо 2028 он хүртэл хэрэгжих “Урт хугацааны стратеги төлөвлөгөө”-ндөө тусгасан. Энэ ажлын хүрээнд хэрэгжиж байгаа “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг эх орны дөрвөн зүгт МХБХ-ны Ерөнхийлөгч өөрийн биеэр эхлүүлж байгаа билээ. Хойморь нутагтаа Хатгал сум, Зүүн аймагт Дарьганга суманд нээлтээ хийж байсан бол Өмнийн говьд Баяндалай сумын сургууль дээр “Мөрөөдлийн гоол” тэмцээн эхэлснээр Өмнөговь аймгийн 22 сургуулиудын тэмцээн үргэлжлэн явагдана.
Энэ удаагийн сургуулийн тэмцээн нь анх удаагаа зохиогдож байгаагаар онцлогтой болж байсан бөгөөд нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Баяндалай сумын ИТХ-ын дарга Ж.Тогосмаа, Засаг дарга У.Буян-Өлзий, Сургуулийн захирал Д.Мөнхбат, Өмнөговь аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга Батсайхан нар оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн илгээлтийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс болон Баяндалай сумын Иргэдийн хурлын дарга Ж.Тогосмаа нарт гардуулан өглөө.
Баяндалай сумын “Мөрөөдлийн гоол” тэмцээний анхны гоолыг хийсэн хүү “Улаанбаатарын Мазаалайнууд” клубыг дэмждэгээ илэрхийлж байсан нь орон нутгийн охид, хөвгүүд дэлхийн 1 номерын спорт болсон хөлбөмбөгт хичнээн дуртайг илэрхийлсэн илэрхийлэл болж байлаа.
Нээлтийн ажиллагааны дараа Өмнөговь аймагт хүрэлцэн ирж, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Аймгийн БТСГ-ын дарга Т.Энхтуяа, БШУГазрын дарга Д.Баасанхүү нартай ажлын хэсэг уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж хэлэхдээ МХБХ-ны “Элч төлөөлөгч” Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, МУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг Өмнөговь аймагтаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. Энэ ажлын хүрээнд шинэ Төв цэнгэлдэх байгуулах ажлын зураг төслийн ажлууд хийгдэж байгаа учир энэхүү цэнгэлдэхийг олон улсын тэмцээн уралдаан явуулж болохуйц чанартай, шаардлага хангасан техникийн бүс, хувцас солих өрөөтэйгээр хийх, Өмнөговь аймагтаа МХБХ-ны зохион байгуулж байгаа бүс, улс, олон улсын тэмцээнүүдийг хүлээн авах, ерөнхий боловсролын бүх сургуульдаа МХБХ-ны “D” ангиллын багш нартай болох, бүх сургуулийг хүүхдэд ээлтэй хөлбөмбөгийн талбайтай болгох ажлыг судлах, хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрийг нь оруулах зэрэг ажлуудыг хийхээ илэрхийллээ.