ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД ШИНЭ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж тус төслийн хүрээнд сонгогдсон Нийслэлийн 24-р сургуулийн талбайг сэргээн засварлаж нийт 295 сая төгрөгийн өртөг бүхий цоо шинэ талбай нээлтээ хийлээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, “Дөчин мянгат Юнайтед Клуб” гэсэн гурван газрын хамтын хүчээр олон улсын шаардлагад нийцсэн хүүхэд багачуудын тоглох талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ.
Тус нээлтийн арга хэмжээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоог төлөөлж ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн HBS ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баясгалан тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцсон юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг 24-р сургуулийн удирдлагад гардуулсан бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр Монголын хөлбөмбөгийн 55 дээш насны Ахмадын шигшээ баг болон ДМЮ клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж тус талбайн анхны шүгэл дугарсан юм.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн томоохон цогцолбор нийслэл хотноо нээлтээ хийлээ. Цаашид Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жишгээр 5 талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Other Articles