“АЗИЙН ЦОМ”-ЫН ГУРАВДУГААР ШАТНЫ ЭХНИЙ ӨРСӨЛДӨГЧ ПАЛЕСТИНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙ

“Талын хөх чононууд” тивийн хэмжээний тэмцээнд урьд өмнө байгаагүй амжилт үзүүлж Азийн АШТ-ий гуравдугаар шатанд өрсөлдөх авсан билээ.
Өөрсдийн бүтээсэн түүхэн амжилтыг нэр төртэйгөөр цааш үргэлжлүүлэх шийдвэрлэх цаг мөч манай залуусын өмнө ирээд байна.
Учраа таарсан багууд хүчтэй, тэмцээний чанар чансаа өндөр ч гэлээ Монголын шигшээ баг тамирчид нутагтаа дахин нэг удаа гайхамшиг бүтээхийн төлөө бүхий л зүйлээ дайчлах нь гарцаагүй.
“Азийн цом”-ын шигшээ шатанд шалгарахын төлөө ширүүн тулаан хийх эхний баг бол “В” хэсгийг толгойлж буй Палестиний шигшээ байх болно.
Одоогоор дэлхийн чансааны 100-д бичигдэж буй Палестиний шигшээ багийн хамгийн том амжилт нь 2014 онд “AFC Challenge Cup” тэмцээнд түрүүлсэн явдал юм. Сонирхолтой нь энэхүү цомоо өргөхдөө Филиппиний шигшээ багийг 1:0-ээр хожиж байжээ. Палестин, Филиппиний шигшээ багууд 06-р сарын 14-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тулах хуваарьтай байгаа.
Палестинчууд Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтдоо хүчирхэг Узбекистаныг талбайдаа 2:0-ээр хожиж эхлүүлсэн ч эцсийн дүнд 10 оноо цуглуулж, Саудын Араб, Узбекистаны шигшээ багуудын ард бичигджээ.
Шигшээ багийнх нь онцлох тоглогчоор Португалийн дээд лигт тоглодог Одай Даббаг зүй ёсоор нэрлэж болно. Тэрээр 2021 оноос эхлэн Португалийн дээд лигийн “F.C Arouca” клубийн эгнээнд нэгдсэн. Өдгөө 23 настай довтлогч Одай Дабба өнгөрсөн улиралд 17 тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны нэг нь Криштиану Роналдугийн төрөлх баг “Спортинг” клубийн хаалганд бүртгүүлсэн гоол байв.
Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Палестиний шигшээ багтай Монголын шигшээ баг 6-р сарын 8-ны 17:00 цагт МХБХ-ны цагт тоглоно. Тивийн шилдгүүдтэй хийх тоглолтыг та бүхэн цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үзээрэй.

Other Articles