Анх удаа 20 аймгийн баг оролцсон 21 аймгийн АШТ амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөл бөмбөгийн АШТ, 09-р сарын 14-19-ий хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээнд анх удаа 20 аймгийн шигшээ баг хүрэлцэн ирж, оролцсон нь тэмцээний түүхэнд хамгийн олон баг оролцсон рекорд болон үлдэв. Түүнчлэн улсын их баяр наадам болдог төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнд болсноороо өмнөх жилүүдийнхээс онцлогтой байлаа.
12 аймгийн шигшээ баг өрсөлдсөн нэгдүгээр шатанд Дорноговь аймгийн шигшээ баг аварга авсан бол Говьсүмбэр аймгийн баг мөнгөн медаль хүртлээ. Тус хоёр аймгийн шигшээ ирэх жил 21 аймгийн АШТ-ий дээд шатанд дэвшин тоглох эрхийг давхар авсан юм. Харин Төв аймгийн баг энэ шатны гуравдугаар байрт орж хүрэл медалийг энгэртээ зүүлээ.
Шилдгийн шилдэг найман баг өрсөлдсөн дээд шатны тоглолтууд эцсийн мөч хүртэл үзэгч олныг баясгаж, Ховд аймгийн баг Орхон аймгийн багийг 1:0-ээр хожиж 21 аймгийн АШТ-ий аваргын цомыг анх удаа өргөлөө. Өнгөрсөн жилийн аварга Орхон аймгийн баг мөнгөн медаль, 2016 оны аварга Дорнод аймгийн баг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хаалтын өдөр тэргүүн байрын багууд медаль, мөнгөн шагналаа гардан авсанаас гадна шилдэг тоглогчдыг тодруулсан юм. Тодруулбал:
Дээд шат:
Шилдэг хаалгач – Э.Энхсүх (Орхон)
Шилдэг хамгаалагч – Н.Бямбадорж (Ховд)
Шилдэг хагас хамгаалагч – Э.Отгонбаяр (Дорнод)
Шилдэг довтлогч – О.Мөнхсайхан (Дархан)
Нэгдүгээр шат:
Шилдэг хаалгач – Б.Баяржаргал (Дорноговь)
Шилдэг хамгаалагч: Б.Анхбаяр (Дорноговь)
Шилдэг хагас хамгаалагч – Э.Энхмөнх (Говьсүмбэр)
Шилдэг довтлогч – Д.Энх-Эрдэнэ (Дорноговь)

Other Articles