“АРВИС” КЛУБИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД ФУТЗАЛЫН УЛИРЛААС ХОС ЦОМ ХҮРТЛЭЭ

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн футзалын лиг өндөрлөж “Арвис” клуб аваргын цомыг өргөлөө.
Тэдний хувьд улирлын эхэнд “Эмэгтэйчүүдийн цом”-ын эзэд болоод байсан бөгөөд аваргын цомоо ихэрлүүлж байгаа нь энэ юм.
Харин мөнгөн медалийг “Туулын Том Тулнууд” клуб хүртсэн бол “Монголын Тэмүүлэл”-ийн бүсгүйчүүд хүрэл медалийн эзэд боллоо.
Лигийн хаалтын үйл ажиллагааны үер тэмцээний шилдгүүдийг мөн тодруулав.
12 тоглолтод 31 гоол оруулсан “Арвис” клубийн Ө.Ундрах шилдэг довтлогчийн шагналын эзэн боллоо.
Тэгвэл Ө.Ундрахтай мэргэн буучийн төлөө өрсөлдөөд зогсохгүй багийнхаа хамгаалалт довтолгоог тэнцвэржүүлж байсан “Монголын Тэмүүлэл” клубийн Г.Тэмүүлэн шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ.
Багийнхаа хаалгыг найдвартай хамгаалахын зэрэгцээ сөрөг довтолгоог гайхалтай эхлүүлэн, олон гоолын боломж үүсгэж байсан “Туулын Том Тулнууд” клубийн хаалгач Б.Мөнхзул байрлал дээрээ шилдэгээр нэрлэгдэв.
Лигийн тоглолтуудыг үнэн шударга шүүн явуулсан шүүгчдээс Б.Логьшир хичээл зүтгэл ур чадвараараа ялгарч шилдэг шүүгч боллоо.
Медаль хүртэж, шилдэгээр нэрлэгдсэн эрхмүүдээс гадна тэмцээнд оролцсон бүх баг тамирчиддаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

Other Articles