“АРВИС” КЛУБ ФУТЗАЛЫН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦОМ”-ЫН ЭЗЭД БОЛЛОО

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан эмэгтэйчүүдийн футзалын тэмцээн уралдаанууд “Футзалын эмэгтэйчүүдийн цом”-ын тэмцээнээр эхэлж байгаа билээ.
12-р сарын 01-нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн цом”-ын медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болж “Арвис” клуб хүчтэй өрсөлдөгч “UBC”-г 3:2-оор буулган авч аваргын цомыг өргөх эрхтэй болсон юм.
Хоёр сарын өмнө тус хоёр клуб хөл бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын төлөө эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж “UBC” тэрхүү ширүүн тэмцэлд ялаад байв. Өнөөдрийн тоглолт ч урьдын адил сонирхолтой болж 3:2-оор өндөрлөхөд “UBC” клубээс О.Цасан-Охин, Н.Дашдулам, “Арвис” клубээс Ө.Бадамхатан, Т.Энх-Амгалан, Ө.Ундрах нар гоол орууллаа.
Үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн шигшээ тоглолтын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж “Арвис” /алт/, “UBC” /мөнгө/, “Туулын Том Тулнууд” /хүрэл/ клубийн бүсгүйчүүд өөрсдийн медалийг энгэртээ гялалзуулав.
Мөн тус тэмцээн өөрсдийн хувийн амжилтаараа гялалзсан шилдэг тоглогчдыг тодруулахад шилдэг хаалгачаар “ТТТ” клубийн Б.Мөнхзул, шилдэг тоглогчоор “UBC” клубийн О.Цасан-Охин, шилдэг довтлогчоор “Арвис” клубийн Ө.Ундрах нар тус тус тодорлоо.
Футзалын тэмцээн уралдаанаа удаан хүлээсэн охид бүсгүйчүүддээ эхний тэмцээндээ амжилттай оролцсонд нь баяр хүргэе. Түүнчлэн удахгүй эхлэх 18 хүртэлх насны охидын футзалын лиг /2021.12.15-2022.03.16/, Эмэгтэйчүүдийн футзалын лигийн /2021.12.25-2022.04.03/ тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Other Articles

Алтан бөмбөгМХБХ
МХБХТэмцээн