“БАВАРИАНС” КЛУБ ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЛИГИЙН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны Талбайн улирлын тэмцээнүүдийн нэг болох “Үндэсний Хоёрдугаар Лиг”ийн тэмцээнд нийт 10 клуб 3-р сарын 26-наас 07-р сарын 07-ны өдөр хүртэл 4 сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж өнөөдөр хаалтаа хийлээ.
Хаалтын үйл ажиллагаанд МУ-ын Гавъяат дасгалжуулагч, Анхны шигшээ багийн тамирчин, ОУХМастер Б.Доржпалам болон ТЗБХэлтэсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.
Ингээд МХБХ-ны “Үндэсний Хоёрдугаар Лиг”-ийн шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Б.Тамир тодорч, шилдэг хаалгачаар “Аллианс” клубийн Н.Өлзиймягмар, шилдэг хамгаалагчаар “Сэлэнгэ” клубийн Г.Баярбаатар, шилдэг хагас хамгаалагчаар “Баварианс” клубийн Б.Баттүшиг, шилдэг довтлогчоор 24 гоолтойгоор “Хөх Арслангууд” клубийн Б.Чинбаяр нарт шилдэг тоглогчдын шагналыг гардуулан өгсөн юм.
Нийт 18 тойрог үргэлжилсэн “Үндэсний Хоёрдугаар Лиг”-ийн тэмцээний 4-өөс 10-р байруудад шалгарсан клубүүдэд шагналыг мөн гардуулан өглөө.
Ингээд шагналт байруудад Д.Анхбаяр дасгалжуулагчтай “Аллианс” клуб хүрэл медаль хүртэж, М.Чанцал дасгалжуулагчтай “Сэлэнгэ” клуб мөнгөн медаль хүртэж плейоффийн тоглолтоор “Үндэсний Нэгдүгээр Лиг”-т дэвших эрхтэй болж байгаа бол Б.Оргилсайхан дасгалжуулагчтай “Баварианс” клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны “Үндэсний Нэгдүгээр Лиг”-т оролцох эрхтэй болж байгаа юм.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Other Articles