Г.ГАНБАЯР “ПУШКАШ АКАДЕМИ”-ИЙН ХАМТААР ЕВРОПА ЛИГИЙН УРЬДЧИЛСАН ШАТАНД ХҮЧ СОРИНО

Монголын Хөл бөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагаа, МХБХ-ны санаачилсан төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг Ганболдын Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртлээ.
Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болж байсан Г.Ганбаяр ийнхүү буурал тивийн томоохон лигээс медаль хүртсэн анхны Монгол хөл бөмбөгчин боллоо. Ингэснээр “Пушкаш Академи”-ийн 1-р баг ирэх улиралд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авлаа.
Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн нэгдүгээр багийн хамтаар дээд лигийн хэд хэдэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс тоглож, хоёрдугаар багийн гарааны бүрэлдэхүүнээс 26 тоглолт гурван гоол оруулсан амжилтыг энэ улиралд үзүүлсэн юм.
Түүнчлэн Монголын шигшээ багтаа анх удаа дуудагдаж Тажикистан, Японы шигшээ багуудын эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглосон билээ.
Сонирхуулахад Унгарын Пушкаш Академид 2016 оноос 12 залуу хөл бөмбөгчин амжилттай суралцаад байна.
Монгол хөл бөмбөгчид хилийн дээс алхаж хөл бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг улсуудад мөрөө үлдээх үйлсийг дэмжиж, хамтран ажилласан Унгарын Пушкаш Академи, Унгар дахь Монгол улсын элчин сайд З.Батбаярт талархал илэрхийлэхийн ялдамд Г.Ганбаярыг үргэлж дэмжиж байдаг ээж аав, багш дасгалжуулагч, хамт олонд нь халуун баяр хүргэе.

Other Articles

МХБХ
МЭДЭЭЛЭЛ