ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ГРАССРҮҮТС СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо улс орон даяар нийтийн хөл бөмбөгийг хөгжүүлэх, таниулах гол зорилготойгоор орон нутгийн 6 аймагт “Грассрүүтс сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул аймгуудад эхний ээлжийн сургалтууд нээлтээ хийлээ.
Сургалтын хувьд 3 хоног үргэлжлэх бөгөөд бүх аймгуудад ижил стандартын дагуу, нэг системээр сургалтыг явуулж байна. Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны / FIFA / дэмжлэг, Европын Хөл Бөмбөгийн Холбооны дэмжих хөтөлбөр, Английн Хөл Бөмбөгийн Холбоо зэргийн тусламжтайгаар зохион байгуулж буй энэ сургалтад ойролцоогоор нэг мянга гаруй хүүхэд хамрагдах юм.
Аймаг бүрд Монголын Хөл Бөмбөгийн Холбооны грассрүүтс сургагч багш нар ажиллахын сацуу Үндэсний шигшээ багийн тамирчин, элч төлөөлөгч нар ажиллаж хөл бөмбөгт хайртай хүүхэд багачуудтай уулзалт хийн, тэдэнд урам зориг өгч, хамтдаа тоглон, гэрэл зураг татуулж байна.
Дархан-Уул аймагт АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагч И.Отгонбаяр болон П.Мөнхбат болон ОУХМ, Үндэсний шигшээ багийн тоглогч асан Ц.Энхжаргал нар ажиллаж байна.

Other Articles