ДОЛОО ДАХЬ УДААГИЙН “АЛТАН БӨМБӨГ” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ГОЛ ДҮРҮҮД

Жил бүрийн 12-р сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулахаар уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа цар тахлын нөхцөл байдалд цомхон хэдий ч урьдын адил гайхалтай уур амьсгал дор болж өнгөрлөө.

Өнгөрсөн улиралд ногоон талбайд зуу зуун охид залуус хөл бөмбөгийн гоё сайханыг мэдрүүлсэн, бишрүүлсэн, гайхуулсан тоглолтыг үзүүлсэн ч тэдэн дундаас тодоос тод гялалзаж, “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны тайзан дээр нэрээ дуудуулж чадсан онцгой эрхмүүдийг та бүхэндээ дахин сануулъя.

Ёслолын ажиллагааны хамгийн их хүлээлт үүсгэдэг, чухал номинац болох “Оны шилдэг эрэгтэй тоглогч” шагналд өрсөлдсөн тоглогчдоос Э.Балжинням /Улаанбаатар/, О.Мөнх-Оргил /Дэрэн/, А.Тэмүүжин /Атлетик 220/ гэсэн гурван залуу тоглогч хамгийн олон санал авахад “Хайсенсе” үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клубийн багийн ахлагч А.Тэмүүжин энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. А.Тэмүүжин шагнал авсан сэтгэгдлээ хуваалцахдаа тусалж дэмжсэн бүх хүмүүстээ, 13 жилийн өмнө анх хөл бөмбөгийн спортын А үсгийг заасан Б.Болд багшдаа тусгайлан талархал илэрхийлэв.

Энэ онд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж, тэрхүү шигшээ багт тоглосон охид бүсгүйчүүд дотооддоо “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээнд оролцсон билээ. Тэдэн дундаас олон жил эмэгтэйчүүдийн томоохон тэмцээнүүдэд өөрийн уран тансаг гоолуудаа оруулж, өнгөрсөн улиралд лигийнхээ шилдэг мэргэн бууч болсон “Арвис” клубийн довтлогч Ө.Ундрах 2021 оны “Шилдэг эмэгтэй тоглогч” шагналыг хүртлээ.

Шилдэг тоглогчдыг зөв удирдан залж, амжилтад хөтөлдөг шилдэг дасгалжуулагчдыг тодруулахад “Хайсенсе” үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клубийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр жил дараалан “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар тодорсон бол В.Мөнхжаргал мөн хоёр жил дараалан “Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч” шагналын эзэн боллоо. В.Мөнхжаргал өнгөрсөн жил “Дэрэн” клубийг удирдаж оны шилдэг болсон бол энэ удаад лигийн аварга “UBC” клубийг удирдсан амжилтаараа дахин “Алтан бөмбөг”-ийн тайзнаа гарсан нь энэ юм.

Үзэгч олны баясгаж, багийн амжилтад нөлөөлдөг уран тансаг гоолуудгүйгээр хөл бөмбөгийг төсөөлөхийн аргагүй. 2021 оны “Шилдэг гоол”-оор “Би Си Эйч Лионс” клубийн хамгаалагч Ч.Бат-Ирээдүйгийн 30 орчим метрийн зайнаас “Хангарьд” клубийн хаалганд оруулсан гоол тодорлоо.

Ногоон талбайд хөл бөмбөгийн дүрмийг адил тэгш хэрэгжүүлж, тоглолт бүрийг шударга дэнслэхийн төлөө бүхий л хүч хөдөлмөрөө шавхаж байдаг шилдэг шүүгчдийг тодруулдаг “Алтан шүгэл” номинацыг АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ гурав дахь удаагаа хүртэв.

Үзэгчдийн саналаар тодруулдаг хоёр номинацын нэг болох “Бэлгэдлийн XI”-ийг 4-4-2 хувилбараар шалгаруулахад:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/,

Хамгаалагч: О.Даваадэлгэр /Дэрэн/, О.Мөнх-Оргил /Дэрэн/, Г.Бат-Оргил /Улаанбаатар сити/, Т.Дөлгөөн /Дэрэн/

Хагас Хамгаалагч: А.Тэмүүжин /Атлетик 220/, Х.Цэнд-Аюуш /СП Фалконс/, Б.Батмөнх /Дэрэн/, А.Дөлгөөн /Дэрэн/

Довтлогчид: Б.Балжинням /Улаанбаатар/, Н.Наранболд /Атлетик 220/ нар нэрлэгдлээ.

Эдгээр 11 тоглогчдоос хамгийн туршлагатай тоглогчид болох Н.Наранболд долоо, Х.Цэнд-Аюуш зургаан удаа “Алтан бөмбөг”-ийн “Бэлгэдлийн 11”-т багтаж байгааг онцлохгүй байхын аргагүй билээ.

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны шагналын хурыг эхлүүлдэг “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг Монголын хөл бөмбөгт өөрсдийн гэсэн өнгө төрх, арга барилыг хэдийн олж, өнгөрсөн улиралд дээд лигт анх удаа хүртсэн “Дэрэн” клубт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.

Мөн энэ жилээс “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Грассрүүтс хөл бөмбөгийн үндэс” шагналыг Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо хүртсэн юм. Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо МХБХ-оос тавигддаг Грассрүүтсийн 15 шалгуурт бүрэн дүүрэн тэнцсэн учраас энэхүү шагналыг авч чадлаа.

Энэ үдэш Монголын Хөл бөмбөгийн шилдгүүд нэгэн дээвэр дор цуглахын зэрэгцээ МУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан бол Английн “Арсенал” клуб төдийгүй Японы шигшээ багийн тоглогч Такехиро Томияасу цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Жил бүрийн “Алтан бөмбөг”-т гадаад улсаас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үзэх сонирхож, мэндчилгээ дэвшүүлдэг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ удаагийн ёслолын ажиллагаанд Италийн алдарт “AC MILAN” клубийн гадаад харилцаа, хөгжил хариуцсан захирал МАРКО ШЕМБРИ болон хөлбөмбөгийн мэргэжлийн чөлөөт үзүүлбэрийн тамирчин СВАН РИТОССА нар хүрэлцэн ирлээ.

Other Articles