КАПИТРОН СОНИРХОГЧДЫН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны 2022-2023 оны “Сонирхогчдын Цом” тэмцээн 8-р сарын 29-нөөс эхэлж нийт 10 хоногийн турш 12 багийн тун өрсөлдөөнтэй тоглолтууд явагдаж амжилттай өнөөдөр хаалтаа хийлээ.
Тус хаалтын ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан болон ТЗБХэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцож шагналуудын гардуулж өглөө.
Өнөөдөр тэмцээний медалийн төлөөх тоглолтууд явагдаж хүрэл медалийн төлөө Баянгол болон Шонхор клубүүдийн хооронд тун сонирхолтой тоглолт болж 4-2 харьцаатайгаар Баянгол клуб ялалт байгуулснаар тэд хүрэл медалийн болзлыг хангасан юм.
Тэгвэл аваргын алтан медаль цомын төлөө Капитрон болон Ирвэсүүд клубүүдийн хооронд мөн л сонирхолтой тоглолт явагдаж 0-0 харьцаатай үндсэн цаг дуусаж торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэж 5-4 харьцаагаар Капиртончууд ялалт байгуулж аваргын алтан медаль цомын эздээр тодорлоо.
Тус аваргын төлөөх тоглолтыг чин үнэн шударгаар шүүн дэнсэлж явуулсан МХБХ-ны шүүгч Б.Логьшир, Б.Энхболд, Г.Гэрэл-Од, А.Амаржаргал нарт дурсгалын медалийг гардууллаа.
Ингээд “Сонирхогчдын Цом” тэмцээнд бусдаасаа манлайлж шилдэг байсан тоглогч нарыг тодруулахад шилдэг хаалгачаар Ирвэсүүдийн О.Тэмүүлэн, хамгаалагчаар Капитроны Х.Энхзориг, хагас хамгаалагчаар Капитроны багийн ахлагч М.Энх-Од, довтлогчоор 10 гоол эсрэг багийнхаа хаалганд оруулсан М.Бүүвэйбаатар нар тус тус тодорсон юм.
2022 оны “Сонирхогчдын Цом”-ын тэмцээний аварга Капитрон болон мөнгөн медальт Ирвэсүүд 2022-2023 оны МХБХ-ны “Хоёрдугаар Лиг”-т оролцох эрхийг авч байгааг дуулгахад таатай байна.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Other Articles