Монголын хөл бөмбөгийн 2020 оны шилдгүүд тодорлоо

Зургаа дахь удаагийн “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа Виртуал хэлбэрээр амжилттай явагдаж, 2020 онд Монголын хөл бөмбөгийн ертөнцөд гялалзсан эрхмүүд шилдгүүдээ тодрууллаа.

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа зохиогдож эхэлсэн цагаас буюу зургаан жил дараалан “Шилдэг эрэгтэй тоглогч”-ийн төлөө өрсөлдөж, бэлгэдлийн 11-т багтсан “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 2020 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо.

Н.Наранболд: “Энэ мөчийг удаан хүлээлээ. Учир нь 12-р сарын 12 миний ээжийн төрсөн өдөр байдаг. Монголын шилдэг хөлбөмбөгчин болж ээждээ бэлэг барихыг үргэлж хүсдэг байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Монголын шигшээ баг, “Атлетик 220” клубийн довтлогчийн “Алтан бөмбөг 2020” ёслолын үйл ажиллагаанаас “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг гоол” шагналыг хүртэж, “Бэлгэдлийн 11”-т багтаж гангарлаа.

“Шилдэг футзалын тоглогч”-оор Монголын тэмүүлэл клубийн залуу хүү О.Оюунболд шалгарлаа. О.Оюунболд 73 гоолтойгоор футзалын үндэсний дээд лигийн мэргэн бууч болж, нэг тоглолтод 20 гоол оруулсан анхны тоглогч гэсэн рекорд тогтоосон билээ.

“Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг Туулын Том Тулнууд клубийн Н.Дэлгэр заяа хүртэж, багш дасгалжуулагчид, ар гэрийнхэн, найз нөхөд, өөрийг нь дэмждэг бүх хүмүүстээ бэлэг барилаа.

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Шилдэг футзалын дасгалжуулагч” номинацын шагналыг Унаганууд клубийн дасгалжуулагч С.Эрдэнэ-очир хүртсэн юм.

Харин хөл бөмбөгийн төрөлд “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-ийг Атлетик 220 клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай хүртлээ. Үндэсний дээд лигийн аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртсэн нь түүнийг энэ шагналыг авах том шалтгаан байлаа.

“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийг Эмэгтэйчүүдийн лигийн аварга болгосон залуу дасгалжуулагч В.Мөнхжаргал энэ оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг хүртлээ.

“Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээний хүндтэй нэгэн шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси хүртсэн юм.

100 хувь үзэгчдийн саналаар тодордог “Бэлгэдлийн 11”-т дараах тоглогчид багтлаа:

                                                         Э.Мөнх-Эрдэнэ

Г.Билгүүн                      Д.Төрбат                     Э.Мөнх-Эрдэнэ            В.Тэмүүжин

А.Дөлгөөн                     Х.Цэнд-Аюуш           А.Тэмүүжин             Ц.Мөнх-Эрдэнэ

                                    Н.Наранболд              О.Мөнх-Оргил

Анх удаа Виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд Английн Арсенал клубийн домогт дасгалжуулагч Арсен Венгер, Боруссия Дортмунд клубийн тоглогч асан Карл Хайнц Ридл нар мэндчилгээ дэвшүүллээ.

Other Articles

Алтан бөмбөгМХБХ
МХБХ