МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ЗАЛУУС ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА

Азийн АШТ-нд оролцох аялалаа гайхалтай үргэлжлүүлж буй үндэсний шигшээ багийн залуус өнөөдөр Палестиний эсрэг хүчтэй тэмцэл үзүүлсэн ч 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоос гоол алдаж харамсалтайгаар хожигдлоо.
Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд О.Оюунбаатар, О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Г.Билгүүн гэсэн дөрвөн хамгаалагч үүргээ сайтар гүйцэтгэхийн зэрэгцээ хаалгач Э.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгч багийн олон цохилтыг үгүй хийж байлаа.
Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өнөөдөр Г.Бат-Оргил, М.Төгөлдөр, Б.Балжинням гэсэн залуу тоглогчидтой дундын шугамыг хариуцан хамгаалалт, довтолгоог дасгалжуулагчийн хүссэнээр тэнцвэржүүлж тоглосон юм.
Довтолгоонд Европт тоглодог мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаяр, шигшээ багийн төлөөх эхний тоглолтдоо оролцож буй Б.Намсрайтай хослон тоглолоо.
Түүнчлэн гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн Б.Намсрайгаас гадна сэлгээгээр талбайд гарсан Х.Тайванхүү, П.Ууганбаяр, Ж.Цогт-Очир, Т.Дөлгөөн нар үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтдоо оролцлоо.
Дэлхийн чансаа 86 байрын урд Палестинд түрүүлж гоол алдахгүй байх нь манай шигшээ багийн нэн тэргүүний зорилго байсан учраас хамгаалалтдаа түлхүү анхаарч тоглосон. Шигшээ багийнханы тактик амжилттай хэрэгжиж 82 минут 0:0-ээр тэнцэж явсан ч шүүгч эгзэгтэй мөчид торгуулийн цохилтыг эсрэг багт өглөө.
Португалийн дээд лигт тоглодог Одай Дабба амжилттай гүйцэтгэж Палестиний шигшээ баг ус агаар мэт гурван оноог авлаа.
Манай шигшээ баг дараагийн тоглолтоо 6-р сарын 11-ний 12:30 цагаас Филлипиний багтай хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжээрэй.

Other Articles