МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНООС ХӨЛБӨМБӨГИЙН ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын Хөлбөмбөгийн Холбоо оны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Тиймээс шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв. Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр гардуулж өглөө. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар гардууллаа.
Үүнээс гадна МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг шагнасан юм.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирддаг “Унаганууд” клуб нь Монголын футзалын спортын бүхий л дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд долоон жил дараалан дээд лигт түрүүлээд байгаа юм. Мөн түүний удирдсан 21 хүртэлх насны футзалын шигшээ баг Азийн шилдэг 5, Зүүн азийн тэргүүн шилдэг багаар нэрлэгдэж байсан билээ.
Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа. МҮОХ-ны Алтан медалиар Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөлбөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.

Other Articles