Монголын “Teqball”-ын холбоо футзалын дээд лигийн багуудад зориулалтын хэрэгсэл гардууллаа

Монголын “Teqball”-ын холбоо футзалын үндэсний дээд лигийн 11 баг тус бүрт teqball-ын нэг ширээ дурсгалаа. Ингэснээр манай улсад хараахан өргөн цар хүрээтэй дэлгэрч амжаагүй “Teqball”-ын спортоор Монгол хөл бөмбөгчид хичээллэх боломж нээгдлээ.
Текболл нь нуман хэлбэртэй ширээн дээр хөл болон толгойгоороо тор давуулан тоглодог хөл бөмбөгийн нэгэн сонирхолтой төрөл юм. Уг спортоор хичээллэх нь тоглогчдын техник, агаарын мэдрэмжийг өндөр түвшинд хөгжүүлэх давуу талтай.
Манай улсад 2019 оны 11-р сард Текболлын холбоо байгуулагдсан бөгөөд Монголын Текболлын Холбоо мөн оны 12-р сард Текболлын олон улсын холбоонд гишүүнээр элсчээ.
Текболл сонирхогчид болон тамирчид, дасгалжуулагчид, шүүгч нарт зориулан тус холбоо “Текболлын шүүгчдийн
гарын авлага” “Текболлын спортын дүрэм, гарын авалга”-ыг орчуулан хүргээд
байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Амарсанаа нь энэ оны 9 сард
Текболлын ОУ-ын шүүгчийн С зэрэглэлийн шалгалтыг амжилттай өгч Монгол Улсын
анхны олон улсын шүүгч болсон юм.
Одоогоор Текболлын спортын тамирчид манай улсад хараахан байхгүй ч ОУ-ын хэмжээнд өндөр амжилттай тоглож байгаа тамирчид нь ихэвчлэн заалны болон талбайн хөл бөмбөгийн тамирчид байдаг байна.
2021 оны 4-р сард БНХАУ-ын Саянан хотод болох Азийн элсний 6-р наадамд манай баг тамирчид 2 эрэгтэй 2 эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Other Articles