МОНГОЛ УЛСЫН ТӨР МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТНҮҮДИЙГ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа хөлбөмбөгчдийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн шагналаа.
Энэ хүрээнд Анхны шигшээ багийн тамирчин ОУХМастер Б.Рэндоо, Ахмад хөлбөмбөгчин, ОУХМастер Л.Доржжав, Үндэсний Дээд Лигийн 13 удаагийн аварга “Эрчим” клубийн тэргүүн, Спортын мастер М.Амарбаясгалан, Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлагч асан, МХБХ-ны элит академийн ахлах мэргэжилтэн, ОУХМастер С.Эрдэнэбат нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялааж, “Алтан гадас” одонгоор Ахмад хөлбөмбөгчин, ОУХМастер Ц.Зориг, П.Жаргалсайхан нар, Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Ахмад хөлбөмбөгчин, ОУХМастер хөлбөмбөгчдийн дунд “Семка” нэрээр алдаршсан С.Энхбат нар шагнууллаа.
Тус шагналуудыг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд гардуулан өглөө.
Монголын Хөлбөмбөгийн төлөө зүтгэж буй та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсье. Та бүхэн сайхан наадаарай!

Other Articles