МОНГОЛ ШҮҮГЧИД 2022 ОНД ТИВИЙН ТОМООХОН ТЭМЦЭЭНҮҮДЭД АЖИЛЛАА

МХБХ, МХБХ-ны шүүгчийн хэлтэс нийт шүүгчдийнхээ мэдлэг боловсрол, ур чадварт ямагт анхаарч, олон улсын зэрэглэлд хүрч, тэмцээн уралдаануудыг шүүн явуулахад нь тусалж дэмжиж байдаг.
Тиймдээ ч богино хугацаад АХБХ-ны элит зэрэглэл бүхий талбайн болон туслах шүүгч, эмэгтэй туслах шүүгч, футзалын шүүгчидтэй болсон билээ.
2022 оны хувьд манай шүүгчид олз омог ихтэй байж АХБХ-ны томоохон тэмцээнүүдэд ажиллаа.
Тухайлбал Б.Хаш-Эрдэнэ, Э.Галбадрах нар багаараа АХБХ-ны нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “AFC Cup”-ын хэсгийн шатны тоглолтууд дээр ажилласан юм. Хоёр шүүгч маань АХБХ-ны 17 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд дээр мөн хамтдаа томилогдсон.
АХБХ-ны элит туслах шүүгч ангилалтай Э.Ариунболд Ази тивийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны томилгоо авч, бусад орны шүүгчидтэй хамтран ажиллав.
Мөн футзалын Элит шүүгч Р.Жаргалсайхан АНЭ улсын Фужира хотод болсон Футзалын ААШТ-ы Баруун бүсийн урьдчилсан шатны тоглолтууд дээр ажилласан юм.
Энэ онд Монгол шүүгчид тэр дундаа эмэгтэй шүүгчдийн хувьд олон сайхан үйл явдал болов. АХБХ-ны элит туслах шүүгч Ө.Батцэцэг анхны томилгоогоо авч Далайн орнуудын АШТ-ий тоглолтуудыг шүүн явуулсан. Түүгээр ч зогсохгүй Зүүн Азийн хамгийн том тэмцээн болох Зүүн АШТ-ий финалын шатны Япон, Тайванийн эмэгтэйчүүдийн тоглолтыг шүүсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Манай шүүгчид гадаад томилолт авахаас гадна эх орондоо болсон УЕФА Ассист хөтөлбөрийн 16 хүртэлх насны охидын тэмцээн, ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн Монгол, Тайванийн шигшээ багуудын тоглолтыг Монгол шүүгчдийн баг багаараа дэнсэлсэн билээ.

Other Articles

Uncategorized