МХБХ, ИСПАНИ ДАХЬ МОНГОЛЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МХБХ, түүнийг төлөөлж Ерөнхийлөгч А.Ганбаатар Испани улсын Барселона дахь Монголын Өргөмжит Консул, Испаний бизнесийн нэр хүндтэй зөвлөх ноён Виктор Албиолтай 2 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
Ноён Албиол нь Испаний алдарт Барселона клубийн оршдог Каталон мужийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд Барселона клубийг дэлхий дахинаа сурталчлах үйл ажиллагааг мөн хариуцдаг байна.
Санамж бичгийн хүрээнд талууд өөрсдийн үйл ажиллагаагаа харилцан үр ашигтайгаар сурталчлах, түүн дотор, Ноён Албиол Монголын хөл бөмбөгийг Испани улс, Барселона муж болон бусад газар сурталчлах, хөлбөмбөгт дуртай Монголын хүүхэд багачуудыг Барселона хот болон Барселона клубын өсвөрийн академид сургахад туслах, дасгалжуулагчийн сургалт зэргийг зохион байгуулах, Монголоос дасгалжуулагчдыг Испани дахь сургалтанд хамруулах зэрэгт анхааран ажиллах бол МХБХ нь Барселона клубыг Монгол улс болон Ази тивд сурталчлах, энэхүү үйл ажиллагаанд Монгол дахь Барселона клубын фэн клубтай хамтран ажиллах юм. Мөн хөлбөмбөгийн удирдлагын менежмент, маркетинг, сурталчилгааны үйл ажиллагаа, лигийн хөгжил зэрэг дээр харилцан туршлага солилцож, шинэ санаа, ноу-хауг хуваалцан ажиллана.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн болон Барселона клубийн Монголын фэн клубийн төлөөлөгчид оролцов. Талууд цаашдын хамтын ажиллагааны талаар урам зориг дүүрэн байгаагаа илэрхийллээ.
Алдарт “Barca Academy” буюу “Barça Escola”-д монгол хүүхэд суралцах цаг ойртож байна.

Other Articles