МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өөрсдийн хүсэлтээр нэрсээ татлаа

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ээлжит их хурал 2020 оны 10 сарын 07-ны өдөр хуралдана. Энэ их хурлаар МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах товтой. МХБХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд 3 хөл бөмбөгийн нэрт зүтгэлтнүүд нэр дэвшээд байсан билээ.
Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч Л.Сандагдорж багшийн хүү, МУ-ын Шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Шигшээ багийн төлөө олон жил тоглосон, Азийн Мастеруудын Анхдугаар Наадмын Аварга, Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбат, Хөл бөмбөгчдийн дунд Жийгий нэрээр алдаршсан МУ-ын Шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Шигшээ багийн төлөө зүтгэж байсан, Олон улсын хэмжээний мастер С.Пүрэвсүх, Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч Л.Сандагдорж багшийн гарын шавь, СП Фалконс клубын эзэн, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Азийн Мастеруудын Анхдугаар Наадмын Аварга, Спортын мастер М.Болд нар байлаа.
2020 оны 9 сарын 23-ны өдөр нэр дэвшигчид өөрсдийн санаачилгаар МХБХолбоон дээр уулзалт хийж, Хөл бөмбөгийн их гэр бүлийн үнэт зүйл болсон Эв нэгдэл, Хөл бөмбөгчдийн сэтгэл, зүтгэл, хүндлэлийн төлөө хамтран ажиллахаар болж нэрээ татан авах өргөдлөө Сонгуулийн хороонд өглөө.
Нэг баг Нэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа Хөл бөмбөгийн үйлсэд хөл бөмбөгийн зүтгэлтнүүд ийнхүү нэгджээ. Гурван зүтгэлтэндээ цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.

Other Articles