МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

МХБХ-ны Үндэсний дээд лигийн Дэрэн клубийн хүсэлтийн дагуу дасгалжуулагчийн Д зэрэглэлийн сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсээс 2 сарын 16-наас 2-р сарын 25-ны хооронд Дэрэн клубийн бэлтгэлийн бааз дээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд сургалтын онцлог нь гишүүн клуб, техникийн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа анхны сургалт юм.
МХБХ-ны техникийн хэлтсийн энэ оны эхний “Д” зэрэглэлийн сургалтанд Дэрэн клубийн 14 тамирчин сонгогдон оролцож байгаа бөгөөд уг сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна.
Сургалтын нээлтийн үеэр МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал Дэрэн клубийн удирдлагад хандан өөрийн клубийн дасгалжуулагчийн боловсролд анхаарал хандуулж байгааг сайшааж, цаашид клубүүд өөрийн бодлого стратегийн дагуу техникийн хэлтэст захиалга хүсэлтээ өгснөөр “Д” зэрэглэлийн сургалтыг клуб дотроо зохион байгуулах боломжтой гэдгийг санаачлан эхлүүлсэнд талархаж оролцогчдод сургалтад нь амжилт хүссэн юм.
Энэхүү сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг болон МХБХ-ны сургагч багш Б.Ганбат нар удирдан явуулж байна.

Other Articles