МХБХ-ны “Д” зэрэглэлийн Дасгалжуулагчийн 2 дахь сургалт амжилттай болж өндөрлөлөө

2020 оны 8-р сарын 15-21-ний өдрүүдэд МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн 2 дахь удаагийн сургалт амжилттай болж өндөрлөв. Эхний сургалтад 13 оролцогч хамрагдсан бол энэ удаа нийт 15 оролцогч суралцсан юм.
Энэ удаагийн сургалт олон талаар онцлог байсны нэг нь МХБХ-ны түүхэнд хамгийн өндөр настай буюу 73 настай Цэрэнбат Эрдэнэт хотоос ирж оролцлоо. Тэрээр Орхон аймагтаа хөл бөмбөгийн дугуйлан хичээллүүлэх өрнүүн хүсэлтэй байгаа нь талархууштай. Мөн үндэсний шигшээ багийн тоглогч А.Нармандах, Б.Хаш-Эрдэнэ нар суралцаж дасгалжуулагч болох их ажлынхаа үндсийг тавилаа.
Дээрх хоёр сургалтыг АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагч, сургагч багш Э.Ганзориг удирдан явуулсан бөгөөд ирэх долоо хоногт Хөвсгөл аймагт мөн МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
МХБХ Дасгалжуулагчийн сургалт, боловсролд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөд 2019 онд АХБХ-ны Дасгалжуулагчийн “B” конвенцид нэгдэхээр хүсэлт гарган хөл бөмбөгийн “Д”, “С” зэрэглэлийн сургалтыг эх орондоо бие даан зохион байгуулах эрхтэй болсон билээ.
Энэ жил “В”, “С” зэрэглэлийн олон сургалтыг хийхээр төлөвлөсөн нь цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ энэ ондоо багтан эдгээр сургалтыг эх орондоо зохион байгуулахаар хичээн ажиллаж байгаа юм.

Other Articles