НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 52-Р СУРГУУЛЬ БОЛОН “СП ФАЛКОНС” КЛУБ ШИНЭ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн талбайн нээлт өнөөдөр боллоо.
Тус нээлтийн арга хэмжээнд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн Сэлэнгэдресс компаний ерөнхийлөгч М.Болд, ЕНБДарга Д.Тэрбаатар, Хан-Уул дүүргийн ИТХурлын дарга Г.Батсайхан, 52-р сургуулийн захирал Л.Цэрэнханд, “HBS” ХХК захирал А.Баясгалан болон 52-р сургуулийн төгсөгч, Гавьяат тамирчин МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцсон юм.
Мөн энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн төлөө зүтгэж буйг нь үнэлж МХБХ-ны Гавьяаны Одонгоор “СП Фалконс” клубийн туслах дасгалжуулагч болон Дээд Лигийн Эрчим клубийн хаалгачаар тоглож 11 удаа лигийн аварга болж байсан Г.Дэлгэрдалай шагнагдлаа.
Тус талбайг ашиглах гурвалсан гэрээг МХБХ, 52-р сургууль, СП Фалконс клубүүдийн хооронд гэрээг байгуулсан юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг СП Фалконс клуб болон 52-р сургуулийн хамт олонд гардуулан өглөө.
Талбайг нээж 52-р сургууль болон СП Фалконс клубүүдийн өсвөрийн багуудын хоорондох тоглолтоор шүгэл дугарч тус талбайн анхны тоглолт явагдсан юм.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн талбай нийслэл хотноо ялангуяа Хан-Уул дүүргийн хоёр дахь талбайн нээлт болж байгаагаараа онцлог байлаа. Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жишгээр одоогийн байдлаар 6 талбайг ашиглалтад оруулж байгаа юм.

Other Articles