“НИЙТИЙН ХӨЛБӨМБӨГ” ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөлбөмбөгийн спортыг эх орондоо өргөн цар хүрээнд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгыг “8 жил, 8 зорилго” урт хугацааны төлөвлөгөөнийхөө нэгээхэн хэсэг болгон ажиллаж буй МХБХ “Нийтийн хөлбөмбөг”-ийн үйл ажиллагааг 5-р сарын 8-18-ны хооронд зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үйл ажиллагаанд оролцож “Хөлбөмбөгийг үндэсний спортын хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд тусалж дэмжих”-ээ илэрхийлсэн.
Английн Арсенал Челси Тоттенхэм зэрэг томоохон клубүүдэд хүчин зүтгэж явсан ДАШТ-ийн мөнгөн медальт Виллиам Галлас бидний урилгаар Нийтийн хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцсон нь нээлтийн гол үйл явдал байлаа.
Дэлхийн хамгийн олон хүнийг өөртөө дурлуулдагаараа хөлбөмбөг өөрөө гайхамшигтай спорт. Гайхалтай болгодог хүчин зүйл нь үзэгч хөгжөөн дэмжигчид бөгөөд МХБХ хөлбөмбөгийн хорхойтнуудаа дэмжиж ДАШТ-ийг үзүүлэхээр зорьж байгаа билээ. Тиймдээ ч Voo-тэй хамтран Mobi premier лигийн азтай үзэгчиддээ Катар 2022 тэмцээний тоглолтуудыг үзэх эрхээр шагналаа.
Улсын төв цэгт ногоон талбай дэвсэж хөлбөмбөгийн спортын гоё сайханыг хүн бүрт түгээхийг зорьсон арга хэмжээнд Монгол Хөлбөмбөгийн Холбооны гишүүн клубүүд болон 21 аймгийн гишүүн холбоод өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ, нийтийн хөлбөмбөгийн танилцуулга, тоглолтуудыг хийлээ.
Мөн Улаанбаатар хотын 9 дүүргийн аварга шалгаруулах “UB Cup 2022” тэмцээний шигшээ тоглолтууд Сүхбаатарын талбай дахь ногоон талбайд явагдав.
Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажилладаг Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын харъяа аж ахуйн нэгжүүд 10 хоногийн арга хэмжээнд өөрсдийн асараа босгон оролцсон юм.
Хөлбөмбөгийн спортын шударга байдлыг хангахаар манай холбоотой хамтран ажилладаг Авлигатай Тэмцэх Газарын хамт олон тус арга хэмжээнд оролцож спорт бооцоо, тоглолт наймаалцахаас урьдчилан сэргийлэх уриалыг дэвшүүлэв

Other Articles