“Нөхөрлөлийн Төлөөх Хөл бөмбөг” ОУ-ын фестиваль эхлэхэд хоёр хоног үлдлээ

Дэлхийн хамгийн олон улс үндэстний хүүхэд багачуудад хөл бөмбөгийн спортын гайхамшгийг мэдрүүлж, нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг “Football For Friendship” хөтөлбөрийн 2021 оны цахим тэмцээн 5-р сарын 22-нд эхэлнэ.
Тус хөтөлбөр нь 2013 оноос өдийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Монгол хүүхдүүд хоёр дахь удаагаа тус хөтөлбөрт хамрагдаж байна. Өмнө нь 2018 онд Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар “Нөхөрлөлийн Төлөөх Хөл бөмбөг” хөтөлбөрт амжилттай хамрагдаж, олон улсын хүүхдүүдтэй хүч сорьж, Оросын ДАШТ-д улсынхаа тугийг намируулсан билээ.
Цар тахлын улмаас уг хөтөлбөр “F4F World” цахим тоглоом хэлбэрээр явагдах болсон. Монгол улсыг төлөөлөн “Дэрэн” клубийн өсвөрийн хөл бөмбөгчид болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар 5-р сарын 22-29-ний хооронд болох “F4F World” тэмцээнд оролцох юм.
Б.Төгөлдөр БНАСАУ, БНСУ, Филиппин, Гуам, Гвиней улсын тамирчидтай нэг баг болсон бол Н.Ананд Шинэ Зеландын гурав, Австралийн нэг тамирчинтай баг болж гар нийлүүлэн тоглож байна.
Тоглоомын тухай товч танилцуулбал нэг баг таван гишүүнээс бүрдэх тоглоход хялбар, сонирхолтой супер хүчийг багтааснаараа жирийн хөл бөмбөгөөс сонирхолтой, бага насныхан тоглоход тохиромжтой цахим хөл бөмбөгийн төрөл юм.
Улсынхаа нэрийг гарган олон улсын хөтөлбөрт оролцох Б.Төгөлдөр, Н.Ананддаа амжилт хүсье.

Other Articles