Н.БОЛОР “ЭРДЭНЭБАТЫН БАЛЖИННЯМ САН”-ГИЙН ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Монголын нэрт тайлбарлагч “Эрдэнэбатын Балжинням Сан” ТББ- аас жил бүр Монгол улсад хөлбөмбөгийн спортын хөгжлийн төлөө зүтгэж буй бүхий л насныхны дунд “ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” хэмээх шагналыг бий болгон шалгаруулахаар зорьж хамгийн эхний буюу 2022 оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн шагналыг өнөөдөр ийнхүү гардууллаа.
Тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит энэхүү хүндтэй шагналын анхны эзнээр “Стрэнжир Соккер Монголиа” компанийн ахлах дасгалжуулагч Нарантуяагийн Болор багш шалгарч цом, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнагдлаа.
Н.Болор дасгалжуулагч нь хөлбөмбөгийн спортын төлөө 20 жил зүтгэхдээ олон зуун шавь нар, шилдэг тамирчдыг бэлтгэсэн бөгөөд одоо “Ховд Вестерн” клуб, “Ховд Вестерн” хүүхдийн академийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.
Уг клуб нь Улаанбаатар хотод 3 байршилд үйл ажиллагаагаа явуулж өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэхийн төлөө тогтсон хуваарийн дагуу ажиллаж улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол амжилтыг үзүүлж буй нь Н.Болор багшийн хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл юм.
Энэ удаагийн шагналын санхүүжилтийг өнгөрсөн зун дахин хэвлэгдсэн “Миний л амьдрал” номын борлуулалтын орлогоор бүрдүүлсэн бөгөөд энэ нь хөлбөмбөгийн спорт сонирхон дэмжигчид, үзэгч та бүхний хувь нэмэр шүү гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.
Тодруулахад, хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Э.Балжинням агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, залуу хойч үедээ хөлбөмбөгийн спортыг сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор гэр бүлийнхэн болон хамтран зүтгэгч дүү нар нь нэгдэж “ЭРДЭНЭБАТЫН БАЛЖИННЯМ САН” ТББ-г 2022 оны 3 сард байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаар Баясгахын Батзаяа, удирдах зөвлөлийн даргаар Балжиннямын Ариунсанаа нар ажиллаж байгаа юм.
Цаашид энэ шагналыг жил бүрийн 9 сард шалгаруулж олгох бөгөөд хүмүүсийн хүсэн хүлээдэг шагнал болж хөлбөмбөгийн спортын төлөө илүү ихийг хийж бүтээдэг байгаасай хэмээн тэд хэлсэн юм.

Other Articles