ОРОН НУТГИЙН ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО

МХБХ бүртгэлтэй шүүгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд 2022 оноос Монгол орын 21 аймгийн хөлбөмбөг сонирхогч залууст шүүгчийн сургалт явуулж, “Үндэсний цом” болон бусад орон нутгийн тэмцээнүүд дээр ажиллуулахаар зорилт тавин ажиллаж байгаа.
Уг ажлын эхлэл тавигдаж Дархан-Уул аймагт 12-р сарын 19-22-ны хооронд найман аймгийн төлөөллүүдийг хамруулсан анхан шатны шүүгчийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тодруулбал Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул аймгуудаас нийт 18 оролцогч сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг зохион байгуулахаар МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон МХБХ-ны шүүгчийн сургагч багш болох Э.Галбадрах, Ч.Жавхлантөгс нар оролцсон юм. Мөн МХБХ-ны Гишүүн Байгууллагуудын Менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа томилогдон ажиллав.
Орон нутагт шүүгчийн сургалт явуулснаар орон нутагт болж буй тэмцээнүүдэд Улаанбаатар хотоос шүүгчид томилогдон ажилладаг үе өнгөрч, орон нутгийн шүүгчид улс, бүсийн чанартай томоохон тэмцээнүүдийг шүүн явуулах боломж нээгдэнэ. Цаашлаад Монгол шүүгчдийн тоо нэмэгдэж, шүүгчдийн дундах өрсөлдөөн өсөх нь дамжиггүй.
Энэ ташрамд Дархан-Уул аймагт анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн А.Нарантуяа захиралтай Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Other Articles