Охид, эмэгтэйчүүдийн футзалын лигийн техникийн хурал

МХБХ-ы эмэгтэйчүүдийн 2021-2022 оны футзалын улирал дуусч, U15, U18 насны охид болон насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалд явагдсан лигийн тэмцээнүүдэд оролцсон клубүүдийн дасгалжуулагч нарт зориулсан техникийн хурлыг МХБХ-ны техникийн хэлтэсээс зохион байгууллаа.
Хурлын зорилго нь шигшээ багийн тоглолтын хэв маягийг таниулах, клубүүдийн дасгалжуулагч нар маань статистик үзүүлэлтүүд болон тоглолтын дүн шинжилгээг хийж өөрсдийн клуб дээр эдгээр хөгжлийн үе шатны тамирчдад буюу бага наснаас нь системтэйгээр суулгаж, хөгжүүлэхийн тулд дараагийн алхамыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн лигийн дасгалжуулагч нарт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурлыг нээж МХБХ-ы дэд ерөнхийлөгч Х.Азжаргал амжилт үзүүлсэн багуудад баяр хүргэж эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүүлэх бодлогын дагуу төлөвлөгдсөн олон үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд нийт эмэгтэй баг, клубүүдийг идэвхитэй оролцохыг уриалж, тэмцээнд оролцсон нийт багууддаа удахгүй эхлэх талбайн хөлбөмбөгийн улирлын тэмцээнүүдэд амжилт хүслээ.
Техникийн хуралд энэ жилийн охид, эмэгтэйчүүдийн лигийн клубүүд болох Хараацай, Арвис, Туулын Том Тулнууд, Шинэ Яармаг, Дэрэн, Юү Би Си, Монголын Тэмүүлэл, Хад клубүүд болон Архангай аймаг гэсэн нийт 9 клубын ахлах болон туслах дасгалжуулагч нарын төлөөлөл оролцож U15 насны ангилалд түрүүлсэн “Хараацай” клубын ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр, U18 насны ангилалд түрүүлсэн “Арвис” клубын ахлах дасгалжуулагч Ө.Бадамхатан болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн “Арвис” клубын ахлах дасгалжуулагч Ш.Баянжаргал нар багаа хэрхэн бүрдүүлж, өрсөлдөгчөө судлан хэрхэн бэлтгэл хийж, ямар системээр тоглож амжилтанд хүрсэн туршлагаасаа хуваалцлаа.
Мөн Монголын 17 болон 20 хүртэлх насны охидын шигшээ багуудын ахлах дасгалжуулагч Рио Кавамото (Япон мэргэжилтэн) уг насны шигшээ багуудын оролцох тэмцээнүүдийн хуваарь болон ямар систем, хэв маягаар тоглуулах гэж байгаа тухай клубын дасгалжуулагч нарт танилцууллаа.
МХБХ-ны техникийн хэлтсээс дасгалжуулагчийн боловсролын хүрээнд 2022 оны улиралд нас насны ангилалд зохион байгуулагдах лигийн тэмцээнүүдийн дараа, тэмцээнд оролцсон клубүүдийн дасгалжуулагч нарын техникийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Other Articles