“СТОРМ” КЛУБ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛИГТ ХОЖИГДОЛГҮЙ ТҮРҮҮЛЛЭЭ

Анх 2015 оноос хойш тасралтгүй 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ.
МХБХ-ны 2022 оны “Эмэгтэйчүүдийн Лиг”-ийн тэмцээн 05-р сарын 30-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хурд хүчээрээ өрсөлдөж аварга багаа өнөөдөр тодруулж хаалтаа хийлээ.
Хаалтын ажиллагаанд МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Эмэгтэйчүүдийн хорооны дарга Х.Азжаргал, Техникийн захирал Б.Буман-Учрал, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Пүрэвсүх болон гишүүн Э.Шинэбаяр нар оролцож шагналуудыг гардууллаа.
Ийнхүү нийт 7 клуб өрсөлдөж нэг баг 18 тоглолтуудыг хийсэн билээ, Ингээд 4-7-р байруудад шалгарсан багууд шагналын гардуулахад 7-р байрт “Дэрэн” клуб, 6-р байрт “Туулын Том Тулнууд”, 5-р байрт “Хад” 4-р байрт “Зөгийнүүд” клубүүд тус тус байруудыг эзэлсэн юм.
Тус тэмцээний турш бусдыгаа манлайлсан байрлал бүртээ шилдгүүд нь байсан тоглогч нарт шагналыг гардуулахад шилдэг хаалгачаар “Сторм” клубийн Б.Мөнхзул, хамгаалагчаар “Сторм” клубийн А.Алтантуяа, хагас хамгаалагчаар “Хараацай” клубийн Г.Цолмон, мэргэн буучаар 18 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан “Сторм” клубийн Н.Намуунаа нар тус тус тодорлоо.
2022 оны Эмэгтэйчүүдийн Лигийн хүрэл медалийг 25 оноотойгоор В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Төв Буганууд” клуб хүртэж, мөнгөн медалийг 46 оноотойгоор Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клуб хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр 48 оноотойгоор хожигдолгүйгээр Э.Чинбаатар дасгалжуулагчтай “Сторм” клуб анх удаагаа лигийн тэмцээн оролцож түрүүллээ.
Ингээд МХБХ-ны Эмэгтэйчүүдийн Лигийн тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

Other Articles