ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУД ТАЛБАЙДАА ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БАЙЖ ЧАДНА

Хөлбөмбөг сонирхогчдын зүрх сэтгэлийг сонголтгүйгээр эзэмдэж чаддаг ганц баг бол тухайн улсын үндэсний шигшээ баг гэдэгтэй ямар ч хөгжөөн дэмжигч маргахгүй биз ээ.
Бидний зүрх сэтгэлийг хамгийн ихээр догдлуулдаг Монголын шигшээ баг 6-р сарын 8-ны 17:00 цагаас Палестиний шигшээ багтай 2023 оны Азийн АШТ-нд оролцох эрхийн төлөө эхний тоглолтоо хийхэд бэлэн болоод байна.
“В” хэсэгт учраа таарсан багуудаасаа хамгийн бага чансаатай ч талбайдаа, гайхалтай хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын шигшээ баг хэнээс ч дутахгүй хүчирхэг баг байх болно.
Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод, өөрсдийн цэнгэлдэх хүрээлэндээ хийсэн сүүлийн 10 тоглолттой холбоотой зарим үзүүлэлтүүдийг та бүхэнд танилцуулъя.
Монгол улсын шигшээ баг эх орондоо хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо тавд нь ялалт байгуулж, нэг тэнцээ авсан бол дөрвөн тоглолтын үр дүн эсрэг талд шийдэгджээ.
Хожигдсон дөрвөн тоглолт хоёроос дээш гоолын зөрүүтэй байсангүй. Үүнтэй холбоотойгоор гоолын зөрүү харвал бид дээрх 10 тоглолтод 19 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж, найман гоол алдажээ.
Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтууд энэ тоонд үлэмж нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд манай шигшээг 0:1-ээр хожсон дэлхийн чансааны 114, Тажикстаны залуус манай талбайгаас бүтэн оноо авсандаа баярын нулимс унагаж байсан нь Талын хөх чононуудын талбайгаас бүтэн оноо авах ямар амаргүй вэ гэдгийг илтгэнэ.
Палестин болон Йемений шигшээ багуудтай бид өмнө нүүр тулж байгаагүй. Харин Филиппинтэй өмнө нь хоёр тоглож харилцан бие биенээ хожиж явсан.
Өрсөлдөгч багууд биднээс дариу 50 гаруй байраар урд ч дэлхийн чансааны оноо бус үзэгч хөгжөөн дэмжигчид, талбайн давуу тал, тамирчдын өөрсдөдөө итгэх итгэл л талбайд гарахад хэрэг болдгийг бид ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаар хангалттай харсан билээ.
Монголын шигшээ багийн 12 дахь гишүүн хөгжөөн дэмжигч та цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж уухайн дуугаа өргөхөд, үндэсний шигшээ багийн тамирчид Монгол улсын ялалтын төлөө бүхнээ дайчлах болно.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: SPS Television
ТАСАЛБАР: MonPay болон TICKET.mn Цахим Тасалбар
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
06-Р САРЫН 08-НД
🇵🇭ФИЛИППИН – 🇾🇪ЙЕМЕН 12:30 минутаас
🇵🇸ПАЛЕСТИН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас
06-Р САРЫН 11-НД
🇲🇳МОНГОЛ – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇵🇸ПАЛЕСТИН 17:00 цагаас
06-Р САРЫН 14-НД
🇵🇸ПАЛЕСТИН – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас

Other Articles