“ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ” БОЛОН “УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД” КЛУБ ШИНЭ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж 24-р сургуулийн талбайн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Тэгвэл энэ хүрээнд Улаанбаатарын Мазаалайнууд багийн гаргасан саналын дагуу тус төсөл Техник Технологийн Дээд Сургуульд хэрэгжиж тэд шинэ талбайтай боллоо. Ингэснээр УБ-ын Мазаалайнууд клуб бэлтгэл хийх олон улсын стандартад нийцсэн талбайтай болоод зогсохгүй, Техник Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Политехник Коллеж, Монгол Коосен Технологийн Коллежийн оюутан сурагчид зориулалтын талбайд их спортоор хичээллэх боломж бүрдэж байна.
Тус нээлтийн арга хэмжээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоог төлөөлж ерөнхийлөгч А.Ганбаатар болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн гишүүд, мөн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Техник Технологийн Дээд Сургуулийн хувьцаа эзэмшигч М.Сэргэлэн, ТУЗ-н дарга Б.Нэмэхбаатар, захирал Эрдэмтөгс тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцсон юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг УБ-ын Мазаалайнууд клуб болон Техник Технологийн Дээд Сургуульд гардуулан өгсөн бөгөөд олон улсын стандарт бүхий тус бөмбөгөөр Монголын хөлбөмбөгийн 50+ насны Ахмадын шигшээ баг болон УБ-ын Мазаалайнууд клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг нөхөрсөг тоглолт хийж тус талбайн анхны шүгэл дугарсан юм.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн томоохон цогцолбор нийслэл хотноо нээлтээ хийлээ. Цаашид Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жишгээр 4 талбайг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Other Articles