УНГАРЫН ЛИГТ МОНГОЛ ТОГЛОГЧ ГООЛДЛОО

Монголын хөлбөмбөгийн холбооны шугамаар 2018-2019 онд Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцсан Жавхлангийн Эрдэнэзолбоо Унгарын хөлбөмбөгийн холбооны “BLSZ II” лигийн “Швабхэдьж” клубт тоглож байна. Энэ жил 21 нас хүрэх тэрбээр клубийнхээ нэгдүгээр багийн төлөөх анхны гоолоо өнгөрсөн ням гаригт “Сэнт Паал Академиа”-гийн эсрэг хийсэн тоглолтын 87 дахь минутад оруулж, эцсийн дүнд багт нь 7:1-ээр хожлоо.
Ж.Эрдэнэзолбоо тоглолтыг зүүн жигүүрийн хамгаалагчийн үүрэгтэй эхлүүлсэн ч хоёрдугаар үеийн дундаар зүүн жигүүрийн довтлогч болж, сүүлчийн 10 минутад төвийн довтлогчоор тоглов. Бояжик Йожефын удирдсан “Швабхэдьж” “BLSZ II” лигийн 19 тоглолтод 16 хожиж, нэг тэнцэж, хоёр хожигдсон амжилтаар хүснэгтийн хоёрдугаар байрт явж байгаа бөгөөд үлдсэн долоон тойргийн тоглолтоос шалтгаалан түрүүлэх, эсвэл хоёрдугаар байр эзлээд плей-оффын тоглолтод ялалт байгуулбал “BLSZ I” лиг рүү дэвших эргэн дэвших боломжтой.
Ж.Эрдэнэзолбоо 2012 оноос “Дөчин Мянгат Юнайтед” клубт дасгалжуулагч Д.Нанжидын удирдлага дор хичээллэн өсвөр үеийнхний УАШТ-д гурван удаа түрүүлж, 2016 онд Монгол Улсын 14 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн Фестиваль, 2017, 2019 онд Монгол Улсын 16, 19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөж байлаа.
Монголдоо эргэн ирж 2020 онд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийг төгсөөд Ло́ранда Э́твёшагийн их сургуульд спортын шинжлэх ухаан ба менежментийн чиглэлээр суралцахаар дахин Унгарыг зорьсон бөгөөд хичээл, цагийн ажлын хажуугаар Будапешт хотын 12 дугаар дүүргийн “Швабхэдьж” клубт бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн ч албан ёсны тоглолтод оролцох зөвшөөрөлгүй байсан тул зөвхөн нөхөрсөг тоглолтуудад л оролцож байв.
Харин Унгарын хөлбөмбөгийн холбооноос 2023 оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсны зөвшөөрөл ирснээр “Швабхэдьж”-ийн хоёрдугаар багийн төлөө “BLSZ III” лигийн нэгдүгээр хэсгийн таван тоглолтод нэг гоол хийж, нэгдүгээр багийн төлөө “BLSZ II” лигийн нэгдүгээр хэсгийн гурван тоглолтод нэг гоол хийгээд байна. Өнгөрсөн ням гаригт “Швабхэдьж”, “Сэнт Паал Академиа”-гийн хоронд болсон тоглолтын зургуудыг хүргэе.

Other Articles