ФИЛИППИНЧҮҮД ХҮНД БАЙДЛААС ХОЛТМЭННИЙ ГООЛООР ГУРВАН ОНОО АВЛАА

Европ тивд тоглодог тоглогчидтой хүчирхэг Филиппиний шигшээ баг Монголын шигшээ багийн эсрэг хүндхэн тоглолт хийж, 90+3 дахь минутад Бундес лигийн “Бохум” клубийн тоглогч Геррит Холтмэнний гоолоор хожлоо.
Манай шигшээ баг эхний тоглолтын гараагаа бүтнээр нь Филиппиний эсрэг элгээж, хэсгийнхээ хүчтэй багаас энэ шатны анхны оноогоо авахад тун ойртоод байсан юм.
Монголын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ гайхалтай тоглолт үзүүлж, 75 дахь минутад эсрэг багийн 11 метрийн торгуулийн цохилтыг хаав. Тус хаалтаас гадна өрсөлдөгчийнх олон аюултай довтолгоог үгүй хийж байсан ч эцсийн мөчид харамсалтай гоол алдлаа.
Европын топ таван лигийн нэг Бундес лигт тоглодог Геррит Холтменн дээр манай хамгаалагчид давхар хамгаалалт хийж, 92 минут хөдөлгөөгүй хэдий ч шийдвэрлэх мөчид өндөр зэрэглэлийн тоглогч өөрийн ур чадварыг харуулав.
Хэсгийнхээ эхний байруудад эрэмблэгдэж буй багуудад харамсалтай хожигдсон ч манай шигшээ сүүлийн тоглолтдоо Йемений эсрэг энэ шатны эхний оноогоо авахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно.
Шигшээ багийнхандаа бүх хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс амжилт хүсье.

Other Articles