Футзалын “А”, “В” ангилалтай шүүгчдийн сургалт амжилттай явагдлаа

МХБХ-ны футзалын шинэ улирал тодорхойгүй хугацаагаар хойшилж эхлэх болсон ч футзалын “А”, “В” ангилалтай шүүгчид онлайн сургалтдаа хамрагдаж дууслаа.
“А” ангилалтай шүүгчдийн сургалт 11-р сарын 19-23, “В” ангилалтай шүүгчдийн сургалт 11-р сарын 25-29-ний хооронд онлайн хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөв. Сургалтыг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр удирдан явуулсан ба тэрээр “Цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон энэ үед шүүгчдийн хувьд мэдлэг чадвараа хөгжүүлэх онцгой цаг үе” гэдгийг онцолж байсан юм.
Сургалтаар шүүгчдийн дүрмийн ерөнхий мэдлэгийг сорьсон шалгалтыг бичлэгээр авч, гар хүрэх, торгуулийн талбайн хяналт, тактикийн алдаа зэрэг чухал дүрмийн заалтуудыг бичлэг дээр суурилан гүн гүнзгий хэлэлцлээ.
Зэрэглэлтэй шүүгчдийн дотоодын сургалт энэ хүрээнд өндөрлөсөн ч 2021 оны нэгдүгээр сард ОУХБХ-ны футзалын онлайн сургалтад манай шүүгчид хамрагдана. Мөн МХБХ-оос ирэх онд орон нутгийн гишүүн холбоодод чиглэсэн шүүгчийн сургалт, зөвхөн эмэгтэйчүүд хамрагдах эмэгтэй шүүгчдийн сургалт зэргийг зохиохоор өргөн хүрээнд ажиллаж буйг дуулгахад таатай байна.
Түүнчлэн МХБХ-ны шүүчийн хэлтэс 2021 онд 21 аймагт онлайн шүүгчийн сургалт явуулах юм.
Хэдийгээр тэмцээн уралдаанууд эхлэх тов гараагүй байгаа ч бэлтгэлээ базаасаар байгаа шүүгчиддээ амжилт хүсье.

Other Articles