Футзалын дээд лигийн 2020 оны улирал амжилттай явагдаж өндөрлөлөө

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох футзалын дээд лигт 11 багийн 196 тоглогч өрсөлдөж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарласан юм. Лиг багагүй хугацаанд завсарласан ч тэрхүү хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигийн аваргын цомыг долоо дахь удаагаа өргөсөн бол аваргуудыг өвдөг шороодуулж чадсан “Арвис”-ын залуус мөнгөн медалийг зүүлээ. Хүрэл медалийн эзэн энэ өдөр тодорхой болсон бөгөөд хожиж байж авдаг энэ амттай шагналын эзэд нь “Хараацай” клуб боллоо.
Лигийн турш хамгийн олон дараалсан хожил авсан багаар Унаганууд нэрлэгдэж 14 дараалсан ялалтыг байгуулсан байна. Мөн нийт 15 шүүгч ажилласныг энэ дашрамд дуулгая. Хамгийн залуу гоол оруулсан тоглогчоор Арвис багийн залуу тоглогч Б.Түвшинбаяр тодорсон байна. Түүний хувьд 2004 оны 4 сарын 26-нд төрсөн юм. Харин эсрэгээрээ хамгийн ахмад гоол оруулсан тоглогчоор Алдарын дайчид багийн тоглогч Н.Галбадрах нэрлэгдлээ.

Other Articles