ФУТЗАЛЫН 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төсөл, “Нээлттай Дорноговь” зорилтот жилийн хүрээнд МХБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотноо нээлээ.
Тус нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөх, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, АХБХ-ны Хөгжлийн хорооны гишүүн МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн удирдлагууд болон тэмцээнд оролцож буй 18 аймгийн шигшээ багийн тамирчид, шүүгчид оролцлоо.
Тэмцээнийг нээж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал Хөлбөмбөгийн спортыг дэмжин ажиллахаа хэлж Дорноговь аймгийнхаа хөлбөмбөгийн холбоо болон баг, тамирчдыг дэмжин тэмцээн, уралдаанд тогтмол оролцуулдаг ба цаашлаад аймагтаа стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болох, “Сургуулийн хөлбөмбөг”, “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаа хэлж МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж танилцуулснаар 21 аймгийн Футзалын АШТ нээсэн юм.
Энэ сарын 21-нээс эхэлсэн орон нутгийн шүүгчийн сургалтад хамрагдаж амжилттай тэнцэж тус тэмцээнийг МХБХ-ны ангилалтай шүүгчидтэй хамтран шүүн удирдахаар шүүгчдэд орон нутгийн С ангиллын шүүгчийн батламжийг ЕНБДарга Д.Тэрбаатар гардуулан өглөө.
Ингээд 21 аймгийн Футзалын АШТ 03-р сарын 26-наас 04-р сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аварга болсон аймгийн шигшээ баг 04-р сарын 03-нд Улаанбаатар хотын аварга болох Хан-Уул дүүргийн шигшээ багтай цорын ганц тоглолтоор Футзалын “Үндэсний Цом”-ын төлөө өрсөлдөх юм.
Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Дорноговь аймгийн засаг даргын тамгын газар болон, Биеийн тамир спортын газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Нийт тэмцээнд оролцож буй аймгийн шигшээ багуудын тамирчид дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Other Articles