ХАН-УУЛ КЛУБ НЭГДҮГЭЭР ЛИГИЙН ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны Футзалын томоохон тэмцээнүүдийн нэг болох Нэгдүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клуб таван сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж өнөөдөр хаалтаа хийлээ.
Хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Футзал элсний хөлбөмбөгийн хорооны дарга Б.Батсайхан, ТЗБХорооны гишүүн, ТЗБХэлтэсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.
Ингээд МХБХ-ны “Футзалын Нэгдүгээр Лиг”-ийн шилдгүүдэд шагналыг гардуулах шилдэг шүүгчээр МХБХ-ны “А” ангиллын шүүгч Б.Логьшир, шилдэг хаалгачаар “Халиун-Од” клубийн Б.Баянбат, шилдэг довтлогчоор “Хан-Уул” клубийн Б.Цогтбаатар 55 гоолтойгоор, энэ удаад бусдаасаа шилдэг байсан хоёр тоглогч болох нийт 95 гоолын оруулсан “Шинэ Налайх” клубийн Б.Далайсугар, Н.Майдар нарт шилдэг тоглогчдын шагналыг гардуулан өгсөн юм.
Нийт 18 тойрог үргэлжилсэн тэмцээний 4-р байрт 31 оноотойгоор А.Түвшинтөгс дасгалжуулагчтай “Капитрон” орсон бол ижил 31 оноотойгоор М.Батсүрэн дасгалжуулагчтай “Шинэ Налайх” клуб хүрэл медаль хүртэж, 40 оноотойгоор П.Мөнхбат дасгалжуулагчтай “Халиун-Од” клуб мөнгөн медаль хүртэж плейоффийн тоглолтоор “Дээд Лиг”-т дэвших эрхтэй болж байгаа бол 48 оноотойгоор Э.Хүрэлчулуун дасгалжуулагчтай “Хан-Уул” клуб аваргын цом алтан медаль хүртсэнээр 2022-2023 оны МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-т оролцох эрхтэй болж байгаа юм.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Other Articles