“ХОРОМХОН” КЛУБ МОБИ ДЭЭД ЛИГТ ДЭВШЛЭЭ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны томоохон тэмцээнүүдийн нэг болох 2022 оны “Үндэсний Нэгдүгээр Лиг” нийт 90 тоглолтын дараагаар хөшгөө хаалаа тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Б.Гансүх болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар оролцлоо.
Нийт 18 тойргийн турш хүчтэй өрсөлдөөний эцэст Монголын хөлбөмбөгийн 23 жилийн түүхт “Хоромхон” клуб аваргын цомыг өргөж, аваргуудтай сүүлчийн тойрог хүртэл сонирхолтой өрсөлдөөн үзүүлсэн “Хөх Чононууд” клуб мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэд дээд лигт оролцох эрхийн төлөө “Моби Дээд Лиг”-ийн 9-р байрт орсон “Ховд” клубтэй энэ сарын 8 болон 10-ны өдрүүдэд 19:00 цагуудаас тоглоно. Харин хүрэл медалийг “Ховд Вестерн” клуб хоёр жил дараалан хүртэж өрсөлдөөнтэй улирлыг медальтайгаар өндөрлүүллээ.
Эхний гурван баг медалиа энгэртээ гялалзуулахын зэрэгцээ шилдэг шүүгч болон тоглогчид мөн “Үндэсний Нэгдүгээр Лиг”-ийн 4-өөс 10-р байранд орсон клубүүд шагналаа гардан авав.
Ингээд МХБХ-ны Үндэсний Нэгдүгээр Лигийн шилдгүүдээр туслах шүүгчээр Б.Энхболд, талбайн шүүгчээр Г.Сүх-Эрдэнэ, хаалгачаар Э.Пүрэврагч /Хөх Чононууд/, хамгаалагчаар Г.Амарсанаа /Хоромхон/, хагас хамгаалагчаар А.Содмөнх /Хөх Чононууд/, довтлогчоор Т.Мөнхбаатар /Хоромхон/ тус тус тодорлоо.
Мөн Монголын хөлбөмбөгийн 23 жилийн түүхт Хоромхон клубийн дуусашгүй авьяас, ур чадвартай МХБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2 удаагийн аварга багийн ахлагч А.Батболд өнөөдөр Хоромхон клубийн төлөө сүүлчийн тоглолтдоо тоглож нэг гоолыг оруулж хүндэтгэлтэйгээр хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаад Хоромхон клубийн төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн юм.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Other Articles