ХЭСГИЙН ЭХНИЙ ОНООГОО ЭЦСИЙН МӨЧИД АВЛАА

Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Сингапур улсын шигшээ багийн эсрэг Тайланд улсын Чонбури цэнгэлдэхэд хийлээ.
Тус тоглолт эхлээд 2 дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж манай шигшээ баг тэргүүлж эхлэв, харин Сингапурын шигшээ багаас 42′ Danielle Tan Liern гоол оруулж тэнцүүлснээр эхний үед 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд манай шигшээ баг С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж ирж анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүлэв.
Сингапур улсын шигшээ багийн довтолгоонууд үр дүнгээ өгч 79′ Nur Izzatai Rosni гоол оруулж 2-1 харьцаатай Сингапурын шигшээ баг тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагийн 90+5′ Н.Намуунаа гоол оруулж эцсийн мөчид гоол оруулснаар үндэсний шигшээ баг хэсгийн эхний оноогоо авсан юм.
Ингэснээр манай шигшээ багийн охид Олимпын эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хоёуланд нь оноо авсан гэдэг үзүүлэлт гаргаж байна.
Дараагийн тоглолтоо 04-р сарын 07-нд Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.
Өнөөдрийн тоглолтод тун сайн тоглолт үзүүлсэн нийт охидууддаа дараагийн тоглолтод нь амжилт хүсье.

Other Articles