Шигшээ багийн тамирчид энгэрээ мялаалаа

Хөлбөмбөг, футзалын үндэсний шигшээ багийн төлөө хүчин зүтгэж эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөхийн зэрэгцээ дотоодын тэмцээн уралдаануудад аварга хэмээх эрхэм цолтой тоглогчид мастерын цол тэмдгээр энгэрээ мялаав.

Тодруулбал футзалын үндэсний шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнээс олон тоглолтуудад Монголын нэрийн өмнөөс оролцсон П.Алтантулга, Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, Б.Мөнгөнтулга нар Олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнуулав. Ингэснээр Монголын футзалын түүхэнд анхны олон улсын спортын мастерууд төрлөө.

Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан Н.Цэдэнбал, Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Б.Ариунболд, Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай нар Олон улсын спортын мастер цол тэмдэг хүртлээ.

Дээр дурдсан футзалын шигшээ багийн тамирчдаас гадна хаалгач М.Чанцал спортын мастер, П.Бадамсэрээжид, Э.Ууганбаяр, Я.Алтансүх, С.Наранбаатар, Ц.Билгүүн нар спортын дэд мастер цолыг тус тус хүртлээ.

Хөлбөмбөг, футзалын спортод бие сэтгэлээ зориулан, эх орныхоо төлөө зүтгэж яваа эрхэм тамирчиддаа баяр хүргэж, цаашдын замналд нь амжилт хүсье.